Ардчиллын боловсролын асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Ардчиллын боловсролын асуудлаар хэлэлцэнэ

Ардчиллын боловсролын асуудлаар олон улсын семинарын нээлт маргааш 9.00 цагт Гадаад харилцааны яаманд болох гэж байна. Семинар 22-нд үргэлжлэх бөгөөд энэ үеэр ардчилалд шинээр хөл тавьж байгаа орнууд болон ардчиллын боловсролын өндөр туршлагатай орнуудын 25 гаруй, манай улсаас 30 төлөөлөгч, мэргэжилтэн тус тус оролцох гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ЮНЕСКО-гийн захирал Ирина Бокова өнгөрсөн оны долдугаар сард манай улсад хийсэн айлчлалын үеэр уг семинарыг хийх талаарх санаачлага гаргасан ажээ. Энэ хүрээнд болон ардчиллын боловсролын чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь уг семинарыг зохион байгуулж,  томоохон ач холбогдол өгч байгаа талаар Гадаад харилцааны яамнаас онцолж байна. Манай улс 2011 оны долдугаар сарын 1-нээс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа бөгөөд энэ талаарх асуудал жилээс жилд хамтын нийгэмлэгийн болон бусад орнуудын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой болж байгаа гэнэ.

Гадаад орнуудын хувьд тухайлбал, АНУ-д ардчиллын боловсролын тодорхой захиргаа байдаггүй бөгөөд энэ боловсролыг иргэний боловсролтой нягт уялдуулан авч үздэг байна. Учир нь иргэн бол ардчиллын үндсэн гол хүчин зүйл болдог хэмээн үздэг ажээ. Их Британид ардчиллын боловсрол 1980 оноос эрчимтэй хөгжиж, эрдэмтэн судлаачдын судалгааны сэдэв, эрх баригчдын анхааралд орж эхэлжээ. Уг ойлголтын хүрээнд Их Британид багш, сурагчдын тэнцвэрт харилцааг онцолдог гэнэ.  Тухайлбал, Боловсролын яам нь сургалтын хөтөлбөр баталж, түүнийгээ хэрэгжүүлэхийг тулгадаг байдлыг шүүмжлэн, үүнд багш, оюутнуудыг оролцуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж