“Үлэг гүрвэлийг Монголынх гэдгийг батлах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

“Үлэг гүрвэлийг Монголынх гэдгийг батлах ёстой”

75 сая жилийн тэртээ амьдарч байсан “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг өнөөдөр Хэритэжийн дуудлага худалдаанд оруулах байсныг АНУ-ын Даллас хотын шүүхээс 10 хоног хойшлуулах захирамж гарчээ. Монголын говиос олдсон уг үлэг гүрвэлийн араг ясыг хууль бусаар дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүхийн олдворыг хамгаалахын тулд Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн дагуу  дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулах шүүхийн шийдвэр гарчээ.

Энэ тухай “Eagle News TV”  өнөөдрийн 12.00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр мэдээлсэн ба дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, хуульч Ц.Оюунгэрэл зочноор оролцлоо.

Тэрбээр “Энэ хэрэг дээр олон улсын өмгөөлөгч Роберт Пентер ажиллаж байгаа ба шинжээч, судлаачид интернэт орчноор санал сэтгэгдлээ илэрхийлж байна.

Одоогоор 700 хүн үлэг гүрвэлийн араг ясыг эх нутагт нь аваачих ёстой хэмээн гарын үсгээ зуржээ. Түүнчлэн АНУ-д байдаг монголчууд эх орныхоо соёлын арга хэмжээг зохион байгуулж, алдагдсан үлэг гүрвэлийн ясыг эргүүлэн авах энэ үйлст нэмэр болох гэнэ. Харин манай талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн шинжлэх ухааны төлөөлөгч, орон тооны болон орон тооны бус бүх зөвлөхүүд ажиллаж байна. Одоогийн байдлаар үүнд манай улсын цагдаа, хуулийн байгууллагууд оролцож эхлээгүй байгаа гэнэ.  Дуудлага худалдаа 10 хоногоор хойшлогдсон нь манай талаас бүхий л баримт материал цуглуулж, дэлхийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх хариуцлагатай хугацаа юм”  гэв.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж