“Future Mongolia” өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

“Future Mongolia” өнөөдөр өндөрлөнө

Уул уурхайн үлэмж биетүүдийг гаднаа
сойсон олон улсын “Future Mongolia” өнөөдөр өндөрлөнө. 3000 м.кв хэмжээтэй үндэсний цогцолборт 14 орны хөрөнгө
оруулалтын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 орчим компани
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа нь энэ. Зөвхөн компаниуд
үйл ажиллагаа, тоног төхөөрөмжөө танилцуулаад зогсохгүй банк санхүү,
даатгалын зах зээл зэрэг  асуудлаар салбар хуралдааныг зохион байгуулж
байгаа юм. Тус үзэсгэлэнд оролцогчдын
сэтгэгдэлийг сонслоо.

Дараа дараагийн үзэсгэлэнгээс стандарт шаардах болно

Лауренц Мелшерс/ “Mongolian Star Melchers” компаний гүйцэтгэх захирал/

-Өнөөдөр эдийн засгийн бүхий л салбарт
хэрэгтэй маш олон технологийг энд дэлгэн тавьжээ. Тэглээ ч уул уурхай
руу түлхүү хандсан байгаа нь ажиглагдаж байна. Уул уурхайн чиглэлийн
байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл, дэвшилт технологи олон байна.
Түүнчлэн энд тавьсан ихэнх технологи байгаль орчинд ээлтэйгээрээ
алдартай Герман улсынх байгаа юм. Миний бодлоор энэ үзэсгэлэн Монголд
анх удаагийн барууны үзэсгэлэн болж байна. Иймэрхүү төрлийн үйл
ажиллагааг зохион байгуулахдаа гаргууд германчууд зохион байгуулж
байна. Тэд энэ тал дээр тэргүүлэгч. Зай талбайн зөв хуваарилалттай, эмх
цэгц сайтай мэргэжлийн түвшинд болж байна. Үзэсгэлэнгийн барилгын
хувьд ч гаднаа машин тавих, үзэсгэлэнгийн тоног төхөөрөмжөө байрлуулах
боломжтой зэргээс нь харахад их сайн сонголт болжээ. Бид өнгөрсөн
хугацаанд маш муу зохион байгуулсан үзэсгэлэн олон харсан. Энэ бол
үзэсгэлэнг мэргэжлийн түвшинд зохион байгуулах шинэ үеийг эхлүүлж
байгаа хэрэг. Үүнээс хойш бид мөнгө төлж оролцож байгаагийн хувьд мөн
ийм хэмжээний үзэсгэлэн Монголд зохион байгуулах боломжтойг харсан учир
дараагийн үзэсгэлэнгүүдээс чанар стандартыг дараа шаардах болно.
Чанар, өөрчлөлт, дэвшил авчрах цаг нь болсон. “Mongolian Star Melchers”
компаний хувьд энэ үзэсгэлэнд оролцож, дөрвөн төрлийн үйл ажиллагаагаа
танилцуулж байна. Түүний нэг нь том оврын машины дараагийн үе болох
жишээлбэл Мерседес болон Fuso маркийн техникүүдийг танилцуулахаар
авчирсан байна. Илүү боловсронгуй, шатахууны хэмнэлттэй гэх мэт ачаа
тээвэрлэлтийн хувьд илүү ашигтай болж өгсөн байгаа юм. Үүнээс гадна уул
уурхайн том тоног төхөөрөмж машинуудад зориулсан хөдөлгүүр болон
түүний аюулгүй байдал, засвар үйлчилгээг санал болгож байгаа. Бас нэгэн
бидний танилцуулж байгаа зүйл нь уул уурхайн болон барилгын
зориулалттай химийн бүтээгдэхүүнүүд юм. Мөн эрдэс баялгийг ангижруулах,
салгах гэх мэт явцад ихээхэн хэрэглэгддэг химийн бүтээгдэхүүнийг санал
болгож байна. Эцэст нь бидний зүгээс түүхий эрдсийг баяжуулах буюу
нүүрс болон эрдэс баялгийг угаах технологийг танилцуулж байна.
Ингэснээр хилээр гаргаж байгаа эрдэс баялгаа илүү хог шороо багатай
буюу өртөг өндөртэй гаргах боломжтой юм.

Мэргэжлийн түвшний сайхан үзэсгэлэн болж байна

Жонн Ирвин  /“RoadTech” компанийн Худалдаа борлуулалт хариуцсан дэд захирал/

-Үзэсгэлэнгийн дотор, гадна талбайн
хувьд цэлгэр чөлөөтэй нь амар байна. Зохион байгуулалтын хувьд ч
мэргэжлийн түвшинд санаа зовох зүйлгүй сайхан юм. Бид энэ үзэсгэлэнгээр
дамжуулж үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоож хамтран ажиллах улмаар
Монголын зах зээлд өөрсдийн байр суурьтай болохыг зорьж байгаа. Манай
компанийн хувьд замын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Бидний
үйлдвэрлэж, мөн оруулж ирж байгаа технологи гэвэл тухайлбал, зорох суурь
машин, зам бэхжүүлэгч, зам тавигч машин юм. Олон хүмүүстэй танилцаж
харилцаа холбоогоо өргөтгөхөд ихээхэн тус болж байгаад баяртай байна.

Герман улс технологио хуваалцаж байгаа нь маш чухал

Жонн Миллер /“Asia miner” сэтгүүлийн редактор/

-Монгол орны хувьд ихээхэн чухал үйл
явдал болж байна. Уул уурхай Монголын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж,
ирээдүйд баян тансаг орон болгоход жинтэй хувь нэмэр оруулах хүчтэй
салбар болж байгаатай холбогдуулан өнөөдөр технологиороо дэлхийд
тэргүүлэгч Герман улс өөрсдийн технологио хуваалцаж байгаа нь маш чухал
юм. Энэ удаад машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хувьд Монголд анх
удаа мэргэжлийн түвшинд тоног төхөөрөмжөө үзүүлэх боломж олгож байна.
Энэ бол анхны удаа ч гэсэн сүүлийн удаа биш юм. Үүнээс хойш энэ мэт олон
үзэсгэлэн биднийг хүлээж байна. Гэвч нөгөө талаар үзэсгэлэнтэй
холбоотой хэлэхэд учир дутагдалтай санагдаж байгаа нэг зүйл нь хотын
төвөөс зайдуу байгаа нь хүн бүр соинрхох боломжийг хангахгүй байх шиг
байна. Хүн нэлээд сийрэг байгаа нь энэ үзэсгэлэнгийн талаар мэдээгүй хүн
олон байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Иймээс энэхүү
үзэсгэлэнгийн маркетингийн тал дээр илүү анхаарах ёстой байсан юм болов
уу гэж бодогдож байна. Гэвч Азийн уул уурхайн талаар голчлон бичдэг
манай сэтгүүлийн зүгээс дараагийн жил ч дахин оролцоно гэдгийг баттай
хэлж байна. Монгол Улсыг ч мөн иймэрхүү арга хэмжээг ихээхэн дэмжиж
ажиллах байх гэж хүсэх байна.

 Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж