Сомалийн далайн дээрэмчдийг ангуучилж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Сомалийн далайн дээрэмчдийг ангуучилж эхлэв

Сомалийн далайн дээрэмчдийн эсрэг тэмцэл эрс шийдэмгий үедээ орлоо.

Өмнө нь зөвхөн эрэг орчмын усанд эргүүл хийдэг байсан олон улсын
тэнгисийн цэргийн хүчин анх удаа далайн дээрэмчдийн баазад цохилт өгч
зэвсэг, түлш шатахууны нөөц болон есөн хурдан завийг (катер) устгажээ.

Довтолгоо үүр цайхаас өмнө болсон байна. Энэ үеэр хүний амь нас
хохирсонгүй. Далайн дээрэмчдийн үүрэнд десант буулгасан гэж мэдээлж
байсан ч Европын холбооны төлөөлөгчид үүнийг няцаав.
 
Тэдний мэдэгдэж буйгаар, довтолгоонд зөвхөн бөмбөгдөгч нисдэг тэргүүд
оролцож зэвсэг, түлш шатахууны агуулах, моторт завьнуудыг буудаж
устгасан аж. Энэ ажиллагаанд саяхан Европын холбооны усан флотод нэгдсэн
Францын "Dixmude" десантын хөлөг онгоц оролцсон ажээ. Энэ хөлөг онгоц
нь 16 нисдэг тэрэг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тэдгээрийн дотор
бөмбөгдөгч "Tiger" нисдэг тэрэг байгаа юм.

Ажиллагааг Сомалийн Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр явуулжээ.
Өөрөөр хэлбэл, далайн дээрэмчид газар дээр ч, далай дээр ч гишгэх
газаргүй гэж сануулсан аж. Европын холбооны усан флотын командлагч,
контр-адмирал Данкан Потс "Нисдэг тэрэгний довтолгоо нь далайн
дээрэмчдэд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг
байлаа. Дээрэмчдийн ар талыг бөмбөгдөх ажиллагаа үргэлжлэх болно. Тэдний
түлш шатахууны агуулах, газар дээрх тээврийг нь гол бай болгож байна"
хэмээн мэдэгдлээ.

Сомалийн далайн дээрэмчдийн эсрэг аль хэдийнээс ийм арга хэмжээ авах
ёстой байсан. Олон улсын цэргийн хүчин Адений хоолойд эргүүл хийж,
түүгээр явж буй худалдааны хөлөг онгоцууд цуваагаар явах болсон ч далайн
дээрэм багасаагүй юм. Далайн дээрэмчид том хөлөг онгоц ашиглаж, жижиг
хурдан завийг хэд хэдээр нь тэнгисийн гүн рүү илгээх зэргээр арга заль
нь нарийсчээ.

Олон улсын хүчин дээрэмчдийн жижиг завьнуудыг барьж авахын тулд хэдэн
арван сая ам.долларын зардалтай байлдааны хөлөг онгоц ашиглах нь эдийн
засгийн хувьд ашиггүй юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сомалийн дээрэмчдийн гарт 15 хөлөг онгоц, 300
хүн барьцаалагджээ. Энэ оны эхний улиралд тэд 43 хөлөг онгоцыг довтолж,
есөн хөлөг онгоцыг барьцаалаад байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л
Арабын тэнгист 135 мянган тн түүхий нефть ачиж явсан Грекийн хөлөг
онгоцыг барьцаалжээ.

Өөрсдийн усан дахь хяналтгүй загас агнуураас сэргийлж байсан орон
нутгийн загасчид яваандаа хөлөг онгоц дээрэмдэж барьцаалах болсноор
жинхэнэ гэмт хэрэгтнүүд болон хувирсан юм. Энэхүү ашигтай "бизнес"
Сомалийн хойгийг жинхэнэ далайн дээрмийн үүр уурхай болгосон. Улмаар
Европын холбоо, НАТО байлдааны хөлөг онгоцоо тийш нь илгээж худалдааны
хөлөг онгоцуудыг хамгаалахаас өөр аргагүй болсон юм.

Далайн дээрэмчдийн эсрэг ажиллагаанд Орос, Хятад, Энэтхэг, Малайз
нэгджээ. Үүний зэрэгцээ Сомали болон хөрш орнуудад дээрмийн эсрэг хүчин
чадлаа нэмэгдүүлэх, үр дүнтэй төрийн институтыг байгуулах ажил өрнүүлж
байна. Төрийн институт байгуулах нь урт хугацааны ирээдүйд далайн
дээрмийг устгах гол нөхцөл болж байгаа билээ.

Наймдугаар сарын 20-нд Сомали дахь шилжилтийн Засгийн газрын бүрэн эрх
дуусна. Тиймээс НҮБ болон Африкийн холбоо Сомалийн шинэ Үндсэн хуулийг
батлах Үндэсний Ассамблейн чуулганыг зарлахаар бэлтгэж байна. Үүний
дараа тус улсад байнгын ажиллагаатай институт бий болж ажилдаа орох юм.


Н.Мөнхжин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж