Андрей Рублевын сүүлчийн хийд

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Андрей Рублевын сүүлчийн хийд

Спасо-Андроникийн хийд. Андрей Рублевт зориулан босгосон хөшөө
Тарковский, Михалков-Кончаловский нар “Андрейг санагалзсан тарчлаан”
кино зохиолын танилцуулгад “Рублевын намтар нь тэр чигтээ таавар юм. Бид
түүний хувь заяаны нууцыг уудлан нээх гээгүй…” хэмээн 1961 онд
бичжээ. Эртний Оросын аугаа зураачийн хувь заяа өнөөдөр ч таавар хэвээр.

Андрей бол түүний сахилын нэр, жинхэнэ нэрийг нь бид хэзээ ч олж
мэдэхгүй биз. Харин Рублев гэдэг нь эцгийнх нь “хоч болсон” нэр. Тэр
цагт оросуудад овог байсангүй. Андрей Рублевыг амьд ахуй цагт нь он
дарааллын бичигт хоёронтаа дурсчээ. Анх, 1405 онд Москвагийн Кремлийн
Благовещенскийн сүмийн зураг чимэглэл дээр ажилласан гэж, дараа нь 1408
оны тавдугаар сарын 25-нд Даниил Иконников, Андрей Рублев хоёр
Владимирийн Успенскийн сүмийн зураг чимэглэлийн ажлыг эхлүүлсэн гэжээ.

Рублев XX зуунд хоёр дахиа “төрсөн” юм. Төрсөн, үхсэн тухай нь цоо
шинэ  баримт гарч ирсэн хэрэг. Мэдээллийн сурвалж нь Москвагийн
Спасо-Андроникийн хийд. Шинэ нээлт бүр тааврыг улам гүнзгийрүүлж Андрей
Рублевын намтарыг түүхэн адал явдал болгожээ. 

Рублевыг хэрхэн “нутаглуулав” 

1947 оны хоёрдугаар сар. ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Урлагийн
түүхийн институт. Уран барилга ба уран зургийн салбарын хуралдааны дэгд
Зөвлөлтийн уран барилгын сэргээн засварлалтын домог болсон Петр
Барановскийн илтгэл оржээ. Түүний буянаар Зөвлөлт даяар уран барилгын
хэдэн арван сонгодог бүтээл аврагдсан юм. Петр Дмитриевич эртний Оросын
“гол зураач” Андрей Рублевыг хаана оршуулсныг зарлахаар догдолж байлаа.

 

“М.Ю.Барановская, архивчин профессор Н.П.Чулковтой “Москвагийн
гашуудлын” баримтууд дээр ажиллаж байхдаа Андрей Рублевын пайлуурын
бичгийг олж авчээ. Тэр бичгийг дагалдсан тайлбараас түүнийг XVIII зууны
нэртэй эрдэмтэн Гергард Миллер хийсэн нь тодорхой байна. Түүнээс уг
бичиг Н.И.Новиковт очсон байгаад ямар нэгэн замаар Чулковт иржээ” гэж
илтгэлээ эхлэв. М.Ю.Барановская бол Петр Дмитриевичийн эхнэр, Москвагийн
оршуулгын түүхэн баримтуудын мэргэжилтэн юм.

Тэрбээр цааш нь уг бичгийг Рублев амьдралынхаа сүүлийн жилүүдийг
өнгөрөөсөн Андроникийн хийдийн “Спаса Нерукотворного образ”-ийн хананаас
Миллер хуулбарласан гэв. Ингээд, 1783 онд таалал төгссөн түүхч
Миллерийн материал дунд Рублевын булшны хөшөөний бичгийн хуулбар орсон
гэв. Түүний үзсэн самбар нь Андроникийн хийдийн сүмийн гадна хананд
хадагдсан байжээ. Олон үсэг гээгдэж, “Лета 6938 (1430) … чен… ка
Игнат… Богоносца … с суббот… нощи… нь… Андрей… писаша иконы
свят… м… прозв… Рублев … схиме … зело украшен … бытия в сем
…” гэсэн бичиг үлдсэн байж.

Барановский уг бичгийг “6938 (1430) оны генварийн 29 дэх хоногт
(бидний дээдсийн хувилгаан Бурхныг агуулагч шаналан тарчлагч Игнатийн
дурсгалын) шөний нэг цагт Спасо Андороньева хийдийн санваартан Андрай
таалал төгслөө (хувилгаадын шүтээний иконыг хангалттайгаар зурагч)
Рублев гэж нэрлэгдсэн эр сахилтайгаар төгсөв (нөгөө ертөнцөд түүний
орших нь буянтай ажлаар нь баталгаатай)…онд энэ газарт нутаглагдах
ёстой” гэж тайлжээ.

Ингээд, Барановский шинжлэх ухааны нийгэмлэгийн хэлэлцүүлэгт хоёр
чухал нээлтээ оруулав. Нэгдүгээрт, тэрээр Андрей Рублевыг Андроникийн
хийдэд нутаглуулсан, хоёрдугаарт түүнийг 1430 оны нэгдүгээр сарын 29-нд
нас барсан гэжээ. Илтгэлдээ Рублевын булш Спассийн сүмийн баруун хойд
хэсэгт байгаа гэсэн таамаг хийлээ. Хийдийн өмнө ба баруун хэсэгт нэмэлт
байгууламжууд босгоод хүндтэй хүмүүс нойрсож байгаа хойд хэсэгт
хүндэтгэлттэй хандсанаас уг газар хэвээр үлдсэн гэж ярьсан байна.

Гэтэл “1984 онд Петр Дмитриевичийг нас барсны дараа архиваас нь тэр
домогт бичгийг хайгаад олоогүй юм. Их ч хайсан. Ер нь Барановскийн
архивт тийм зүйл байсан гэх үнэр ч байгаагүй. Бид өмнө нь ч Рублевын нас
барсан, нутаглуулсан гэдэг огноог Петр Дмитриевичийн заль гэдгийг
таамаглаж байсан. Нас барсных нь дараа бүрэн итгэсэн” гэж Рублевын
нэрэмжит Эртний Оросын соёл, урлагийн төв музейн шинжлэх ухааны
судалгааны тасгийн дарга Лилия Михайловна Евсеева ярьжээ.

Барановскийн таамгийг “зохимол хэрэг, “нэр төр хөөсөн”, “аврагдахын
тулд” гээд янз бүрээр нэрлэж болох. Гэхдээ дээр илтгэлийн жинхэнэ утга
нь их энгийн гэмээр. Онцын чухал бус Андроникийн хийдийг нураах ёстой
байжээ. Гэхдээ хойшлуулж тэнд цагаантны офицерүүдийг хорьж, дараа нь
тэнэмэл хүүхдүүдийн колони, “Алх ба хадуур” үйлдвэрийн ажилчдын байр
болгосон байна. Дайны дараа хийдийг нураах асуудал дахиад гарахад
Барановский дуулиант илтгэлээ тавьж “хийдийг аварсан” гэхэд болно. 

Спасо-Андроникийн хийд 1357 онд митрополит Алексийн үндэслэн
байгуулсан эрчүүдийн энэ хийдэд их зураачид зориулсан цээж баримал бий.
Зохиомол түүхээр түүнийг энэ сүмд эцсийн амьсгал татсан гэдэг

Рублевыг хэрхэн “төрүүлсэн” бэ? 

1959 он. Барановскийн аварсан Андроникийн хийд 1949 оноос музей
болжээ. Түүний дарга  Давид Ильич Арсенишвили хийдийн дагуул байранд
амьдран сэргээн засварлахыг нь хүлээнэ. Гэвч хийдийг сэргээх мөнгө
өгдөггүй. Тэсэхийн аргагүй болоод Барановскийн адил залилан хийхээр
шийдлээ.

Эхлээд Арсенишвили хогийн цэг дээрх эвдэрсэн сандлуудыг засаж урлаг
судлаачид, уран барилгачид, профессорууд, Академийн зүтгэлтнүүдийг урин
авчирч суулгав. Гээд ч мөнгө өгөөгүй учраас музейг нээх ямар ч аргагүй
боллоо. Арсенишвили Зөвлөлтийн нэртэй нийтлэгч, зохиолч Илья Эренбургийг
талдаа татаж амжжээ. Ингээд тэд 1430 оныг Рублевын төрсөн он гэдэг
учраас зохиомол оныг нь ашиглахаар шийдэж санаагаа ЮНЕСКО-д хүргээд 1960
оныг Андрей Рублевын он болгох санал дэвшүүлэв. Санал нь зөвшөөрөгдлөө.
Удалгүй Коммунист намын Төв Хороо гадаадынхан тэмдэглэж байгаа жилийг
тэмдэглэхээр хөрөнгө гарган музейг жилийн дотор янзалжээ. Музей 1960 оны
есдүгээр сарын 21-нд нээгдлээ.

1812 оны түймрээр сүмийн бүх туурган зураг устсан ба сүмийн дотор
хэсэг бүрэн шатсан байжээ. Гэхдээ гал гарахаас өмнө тахилийн хэсгийн
гурван цонхыг тоосгоор бөглөсөн байж. Сэргээн засварлагчид тэр ханыг
буулгасны дараа Рублевын бүтээсэн туурган зургийн хэсэг олдсон байна.
Харин энэ бол жинхэнэ нээлт юм. Цонхны жааз, орчинд нь Рублевын бүтээсэн
угалзан зургийн гайгүй хадгалагдсан хэсэг үлдсэн байжээ. Сэргээн босгох
ажлын бужигнаан дунд зохиомол он сар мартагдсан ч дараа нь сурах
бичгүүдэд оржээ. Энэ зохиомол он сар Андрей Рублевын хүлцэнгүй дүр нь
Анатолий Солоницыны гайхалтай тоглолтоор хүч тэнхээ орсон “Андрей
Рублев” киног бүтээхэд нь Тарковскийд тус болсон гэж болно.

 XVI зууны сүүлийн хэсгийн номын бичил зураг

Андрей Рублев Спасо-Андроникийн хийдийн Спассийн сүмийн турган
зургийг зурж байгаа нь. Андре́й Рублёв (1375/80 оны орчим—1428 оны
аравдугаар сарын 17, Москва; Спасо-Андроникийн хийдэд нутаглуулагдсан
гэдэг) Бурханы зураг  бүтээх Москвагийн сургуулийн хамгийн нэртэй бөгөөд
хүлээн зөвшөөрөгдсөн мастер. Намтар нь тодорхой мэдээлэлгүй. Москвагийн
вант улсад төрсөн бололтой. Рублев гэдэг нэр нь шир элдэгч төхөөрөмж
“рубель” гэдгээс гаралтай учир шир илдэгчийн гэр бүлд төрсөн ббайж
магадгүй.   

 Тэнгэрийн эзнийг төрүүлэгч Эх дагина

Андроникийн сүмийн дэвсгэрээс Рублевын булшийг ХХ зууны сүүлийн
хагаст хайж эхэлсэн юм. Андрей Рублевыг нутаглуулсан байж болох XVII
зууны хуучин хонхны сүмийг  1803 онд шинэ сүмээр солихоор нураажээ.
Түүний тоосгын үлдэгдлийг 1920-1930 онуудад ширхэг бүрээр нь зөөжээ…

Хуучин сүмийн ерөнхий хэмжээг тусгай багаж төхөөрөмжөөр тогтоосон ч
өргөн хэмжээний малтлаг хийх мөнгө хөрөнгө байсангүй. Спасскийн сүмийн
тахилын ширээний дор Рублевын шарил байгаа гэх хувилбарыг ч шалган үзэв.
Археологчид тэндээс булш олсон ч өнөөх нь XV зуунд хамаатай аж. Эдгээр
цогцосын нэг нь Рублевынх хэмээн мэдэгдсэн юм. Цогцосын ясанд мөнгөн
усны агуулга өндөр гарчээ. Мөнгөн усны будагтай зууралдах нь их тул
зураач хүнийх, тэр дундаа Рублевынх гэв. Шашин нь ч, музей нь ч Рублевыг
олсон гэдэгт итгэхийг хүсч байна. Техникийн өнөөгийн төвшинд түүнийг
батлах аргагүй. Хэдэн зууны турш хийдийн оршуулгын газар лам нар,
Москвагийн язгууртнууд энгийн хүмүүс  гээд хэдэн зуун хүнийг оршуулсан.
Тэр бүгдийг ухаж Рублевыг олж тогтооно гэдэг бүтэшгүй ажил.

Үнэн алдартны шашин 1988 онд хувилгаанаар тодруулсан Оросын цорын
ганц хүн нь Андрей Рублев болсон юм. Хэд хэдэн сүмд буй Рублевын туурган
зургууд эвдрэн сүйрсээр байна. Харин саяхан Кремлийн Благовещенскийн
сүмээс Рублевын зургийн хэсэг олдлоо. Тэр зургийг 1547 оны түймрээр
бүрэн устсан гэж байсан юм. Тэндээс Рублевын зургийн өнгө аясыг гаргах
боломж бий.

Ингэж, домог, зохимол түүхэнд дарагдсан олон зууны давхрагаас жинхэнэ
Рублевыг бага багаар хайж байна. Зураачийн сүүлчийн орон гэр
Спаско-Андроникийн жижиг хийд ч нууцаа бүрэн тайлаагүй байна. 

 Ш.Мягмарсамбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж