Япон дөрвөн хиймэл дагуул хөөргөв

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Япон дөрвөн хиймэл дагуул хөөргөв

Өчигдөр Токиогийн цагаар 01:39 минутад Японы "Танэгашима" сансрын буудлаас хөөргөсөн зөөгч пуужин дэлхийн тойрог замд дөрвөн хиймэл дагуулыг амжилттай гаргав.

Япон улсад үйлдвэрлэсэн Н2А пуужин Дэлхийн өөрчлөлтийг судлах төслийн (Global Change Observation Mission, GCOM) анхны хиймэл дагуул болох, манай гаригийн усны эргэлтийг судлах зориулалт бүхий "Шижүкү", Өмнөд Солонгосын арилжааны зориулалттай "Ариран-3", Японы Сансар судлалын агентлагийн нэг, мөн тус улсын нэгэн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн бас нэг хиймэл дагуулыг сансарт гаргажээ.

Гадаадын хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн нь Японы сансрын техникт итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна сансрын уудмыг арилжааны зориулалтаар ашиглах ирээдүйг тэдэнд нээж өгч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 1990-ээд оны сүүл үе, 2003 онд япончууд хэд хэдэн пуужин хөөргөсөн нь амжилт олоогүйгээс Америкийн хиймэл дагуулыг тойрог замд гаргах хэд хэдэн гэрээ нь цуцлагдаж байсан билээ. Харин 2003 оноос хойш Япон улс 15 пуужин амжилттай хөөргөсөн юм.

Японы сансрын техникийг дэлхийн зах зээлд гаргахад саад болдог нэг гол хүчин зүйл нь пуужин хөөргөхөд гаргадаг зардал хэтэрхий өндөр байдаг явдал юм. Н2А пуужинг нэг хөөргөхөд 10 тэрбум иен буюу ойролцоогоор 120 сая доллар болдог. Энэ нь гадаадын ижил төстэй пуужин хөөргөх зардлаас даруй 20-30 хувиар өндөр байгаа хэрэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж