“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”

Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа
өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гурван газар авто тээврийн үзлэг
оношилгоог хийж байна.

Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд оношилгооны төв
ажиллаж байна. Авто тээврийн улсын үзлэг, бүртгэлийн талаар БГД-ийн
оношилгооны төвийн мэргэжилтэн, тоо бүртгэгч Л.Бум-Эрдэнээс тодрууллаа.

-Авто тээврийн үзлэг оношилгоо, тооллого эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлд хэдэн мянган авто машин байна вэ?
-Сүүлийн жилүүдэд автомашины тоо эрс нэмэгдэж, жилд дунджаар 10 хувиар
өсч байна. Өнгөрсөн оны Замын цагдаагийн газрын тооллогын дүнгээр 260
гаруй мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 150 мянга орчим нь нийслэлд
байна гэсэн мэдээ бий. Нийслэл хотын хүн амтай харьцуулахад бага боловч
замын ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Энэ олон машины хөдөлгүүр, эд
ангийн бүрэн бүтэн байдлыг хянах нь бидний үүрэг. Ерөнхийдөө тооллого
гэхээсээ үзлэг, оношилгоог голчлон хийж байна. Манай салбарын хэмжээнд
21 мянга гаруй тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоондоо хамрагдаад байна.

-Үзлэг оношилгооны хураамж хэдэн төгрөг вэ?
-Том оврын авто машин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төгрөгийн хураамжтай.


-Авто тээврийн үзлэг оношилгоог Авто тээврийн газар дагнан хариуцдаг болсон. Та бүхэн энэ ажлыг хэрхэн хийж байна?

-2008 оны тавдугаар сард Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулсан. Энэ өөрчлөлтөөр тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын
дугаар олгох ажлыг авто тээврийн байгууллагад шилжүүлсэн. Манай
байгууллагад энэ ажил ирснээр Замын цагдаагийн газрын тооллого
хийгдэхгүй болсон. Манайх Улаанбаатар хот, 21 аймгийг холбосон онлайн
сүлжээтэй. Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгслийн мэдээлэл
бидэнд бий учир тоолох шаардлагагүй гэж үзсэн юм. Замын хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хуульд заасан тооллого
хийх заалтыг хүчингүй болгосон. Тэгээд ч тооллого гэдэг цаг, хөрөнгө
барсан ажил. Харин одоо жолооч нар татвараа төлөөд оношилгоондоо ороход
давхар тооллогодоо хамрагдах болно.

-Оношилгоо хэзээ дуусах бол?
-Оношилгоо нь хуульд заасны дагуу жилийн турш явагдана. Энэ жилийн
оношилгоо өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн. Тээврийн хэрэгслүүд
тогтоосон хугацаанд оношилгоонд орох ёстой. Тогтоосон хугацаа гэдэг нь
тухайн автомашины үзлэгт орсноос хойш нэг жилийн дотор гэсэн үг. Энэ
хугацаанаас хэтэрч болохгүй. Харин өмнө нь орж болно.

-Манайд улсын үзлэг, тооллого яг хэдэн оноос эхэлсэн бэ. Бусад аймгийн тээврийн хэрэгслийг яаж тоолох юм?
-Тээврийн хэрэгслийг тоолох, үзлэг хийж, татвараа хураадаг үйл ажиллагаа
манай улсад 1956 оноос эхэлсэн. Харин Монгол Улсын Засгийн газар,
Дэлхийн банк, Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч "Тээвэр
хөгжүүлэх төсөл"-ийг 2001-2008 онд хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд
нийслэлд гурав, бүх аймгуудад тус бүр нэг автомашины оношилгооны станц
байгуулсан юм. Төсөл хэрэгжих явцад Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт
оруулж 2005 оноос бүх тээврийн хэрэгслийг эдгээр тоног төхөөрөмжөөр
жилийн турш оношилдог болсон.

-Өмнө нь оношилгооныхоо дэргэд татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Энэ өөрчлөгдсөн үү?
-Хэвээрээ байгаа. Татвараа төлчихөөд, оношилгоондоо ороод, тээврийн
хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгуулж, стандартын шаардлага
хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ "2012"-ын авна. Гэтэл
сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслүүд буруу мэдээлэл өгөөд байна.
Зөвхөн татвараа төлчихвөл хөдөлгөөнд оролцох эрхтэй гэж. Энэ бол буруу.
Татвар бол хуулийн дагуу төлөх ёстой хувь хүний үүрэг. Тухайн тээврийн
хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын тулд техникийн хувьд бүрэн бүтэн байх
ёстой. Стандартын шаардлага хангаж байж хөдөлгөөнд оролцох эрхийн
гэрчилгээ "2012"-ыг авдаг. Хангаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

-Үзлэг тооллогоор яг одоо хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо гардаг байх?
-Манай оронд хэдэн автомашин бүрэн бүтэн хөдөлгөөнд оролцож байна
гэдгийг гаргахын тулд, шилжилт хөдөлгөөн их нөлөөлнө. Бодитой байлгахын
тулд жилд нэг удаа компаничилж тооллого хийдэг. Мөн Замын цагдаагийн
газарт тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл бий. Түүнийгээ жил бүр
шинэчлэх шаардлагатай. Замын цагдаагийн газар цахим сүлжээтэй болсон. Ер
нь бид цаашдаа сүлжээгээ цагдаа, татвар, гааль, иргэний бүртгэлтэй
холбохоор ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн талаарх
мэдээлэл цогц болж ирнэ. Төрөөс авто тээврийн талаар бодлого
боловсруулахад ч хялбар болно.

-Оношилгоонд орж байгаа тээврийн хэрэгслүүд стандартын шаардлага
хэр хангаж байна. Эхний үзлэгээрээ тэнцээгүй тээврийн хэрэгслийг дахин
оношилгоонд оруулахдаа нэмэлт төлбөр авах уу?

-Эхний үзлэгээр тэнцээгүй тээврийн хэрэгслийг бид зөрчлөөс нь хамаараад
хугацаа өгдөг. Төд хоногийн дотор засуулаад ир гэж. Дахин оношлоход ямар
нэгэн нэмэлт төлбөр авахгүй. Өнгөрсөн онд 20 гаруй мянган тээврийн
хэрэгсэл эхний оношилгоогоор тэнцээгүй байдаг.

-Ямар зөрчил хамгийн түгээмэл байдаг вэ?
-Нийт автомашины 60 гаруй хувь нь хуучин байдаг учир хөдөлгөөний аюулгүй
байдал, хөдөлгүүрийн эд ангийн эвдрэлүүд элбэг тохиолддог.


Г.Лхагвадорж
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж