”Челси” Аваргуудын лигт анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

”Челси” Аваргуудын лигт анхны түрүүгээ авлаа

Английн “Челси” клуб дэндүү гэмээр гайхалтай тулааны төгсгөлд Дидье Дрогбагийн торгуулийн цохилтоор “Байерн Мюнхен”-г талбайд нь, 60 мянган хөгжөөн дэмжигчдийнх нь хамт буулган авч, Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн анхны түрүүгээ авлаа.

Ширүүн уур амьсгал, хурц өрсөлдөөн дор үргэлжилсэн тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт тооны харьцаанд өөрчлөлт ороогүй тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон. “Баейрн”-ий төдийгүй Германы шигшээ багийн номер нэг хаалгач Мануэль Нойер “Челси”-гээс Хуан Матагийн гүйцэтгэсэн эхний цохилтыг хааснаар талбайн эздэд давуу тал бий болсон ч Ивица Оличийн цохилтыг Петр Чех амжилттай хааж, “Баейрн”-ээс эцсийн цохилт гүйцэтгэсэн Бастьян Швайнштайгер цохилтоо алдсанаар “Лондонгийн язгууртнууд” 4:3 харьцаатай ялалт байгуулсан юм.

Тоглолтын нэмэлт цаг 1:1 харьцаатай өндөрлөсөн. 83 дахь Томас Мюллер багийн анд Тони Кроосын дамжуулалтаар ирсэн бөмбөгийг хаалга руу мөргөж оруулснаар багтаа тэргүүлэл авчирсан ч гоолоос хойш таван минутын дараа Дрогба мөн л Нойерийн хаалганд мөргөж гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолтын эхний шүгэл дуугарсан мөчөөс эхлэн анхны булангийн цохилтоо гүйцэтгэсэн “Цэнхрүүд”-ээс Хуан Матагийн төгс дамжуулалтыг Дрогба “чулуу болгосон” нь тэр байлаа. Энэ гоол түүний Аваргуудын лигт оруулсан 34 дэх гоол байсан, гэхдээ хамгийн чухал үед, хамгийн эгзэгтэй мөчид тохиосон түүхэн гоол болсон.

Нэмэлт цаг эхлэхэд Дрогба, Фрэнк Рибери дээр алдаа гаргаж, улмаар Арьен Роббен нэгэн цагт хүчин зүтгэж явсан багийнхаа эсрэг торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Чех хаалгач Петр Чех аюулгүй болгосон. Харин Рибери талбайг чөлөөлсөн юм.

Мюнхен хот дахь “Альянц Арена” цэнгэлдэхдээ “Байерн Мюнхен” статистик үзүүлэлтийн хувьд бүх талаар илүү тоглолт үзүүлж байсан ч олдсон боломжуудаа ашиглаж чадсангүй.

Торгуулийн цохилтод “Байерн”-аас Филипп Ламм, Марио Гомез, Мануэль Нойер нар даалгавраа амжилттай биелүүлсэн бол Ивица Оличийн цохилтыг Петр Чех амжилттай хааж, харин Швайнштайгер цохилтоо алдсан. “Челси”-гээс хамгийн эхний цохилтыг гүйцэтгэсэн Хуан Матагийн бөмбөгийг Нойер хаасан. Гэхдээ үлдсэн дөрвөн тоглогч болох Луиз, Фрэнк Лампард, Эшли Коул, Дидье Дрогба нар цохилтоо амжилттай болгосноор түүхэн ялалтын эзэд болж чадсан.

Андре Виллаш-Боашийг халагдсаны дараа “Челси”-гийн ерөнхий менежерийн албыг түр хугацаанд хашиж буй Роберто ди Маттео ийнхүү тэдний хүсэн хүлээж байсан ялалтад хөтөлж чадлаа. Тэрбээр баруун Лондонгийн багийг Английн хөлбөмбөгийн холбооны цомд хөтөлж, багийн эзэн Роман Абрамовичийн туйлын хүслийг биелүүлэв. Эдүгээгийн “Челси”-г босгохын тулд мөнгө харамгүй “цацсан” орос тэрбумтан Германы Мюнхен хотноо болсон тоглолтыг үзэж, багийнхантайгаа ялалтын баяраа тэмдэглэж байгаа нь харагдсан.

Хагас шигшээд “Барселона”-тай хийсэн тоглолтод улаан жавтий хүртсэнээр финалын тоглолтыг өнжих шийтгэл хүлээсэн багийн ахлагч Жон Терри Фрэнк Лампардын хамт УЕФА-гийн Ерөнхийлөгч Мишель Платинигаас аваргын цомоо гардаж авсан. Лампардын тухайд энэ үдэш багаа ахлан талбайд гарсан билээ. Тэрбээр чухал үед тэнцээний гоолыг оруулж, улмаар шийдвэрлэх торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр цомын эзэн болох замд хөтөлсөн Дрогбад тусгайлан хүндэтгэл үзүүлсэн. Тэрбээр ITV Sport-д өгсөн ярилцлагадаа “Би үнэхээр итгэж чадахгүй нь. Бид тийм ч гайхалтай тоглож чадаагүй, гэхдээ манай гол хүн Дидье биднийг харанхуй нүхнээс гаргалаа. Тэр бол баатар. Түүнгүйгээр бид энд байхгүй байсан” хэмээсэн юм.


Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж