Кэмп Дэвидэд “Их найм” цуглав

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Кэмп Дэвидэд “Их найм” цуглав

АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчдийн нууц уулзалтын газар байсан Кэмп Дэвидэд дэлхийн хүчирхэг гүрний удирдагчдын “Их найм”-ын уулзалт эхэллээ. Уулзалтын халуун сэдэв нь Европын ужиг өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн доройтол, Евро бүсээс гарахдаа тулаад буй Грекийн асуудал байх нь тодорхой аж. Хэрэв Грек улс Европын холбооноос гарвал дэлхийд санхүүгийн хямралаас өөр хямрал үүсч магадгүй гэж хөрөнгө оруулагчид эмээж байгаа юм байна. Өнгөрсөн баасан гаригт оройн зоогоор эхэлсэн “Их найм”-ын уулзалтын эхний өдөр удирдагчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Сирийн бослого, үймээн зэрэг хурцадмал асуудлыг авч хэлэлцжээ. Дэлхийн хамгийн ядуу буурай, хаалттай орон Умард Солонгос цөмийн өдөөн хатгалтаа зогсоохгүй бол тус улсын эсрэг тууштай хориг тавихаар их гүрний удирдагчид санал нэгджээ. Харин цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр хөтөлбөр боловсруулж байна гэж сэрдэгдэж буй Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай гэдгийг батлахгүй бол Тегераны эрх баригчдад хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Сирийн  асуудлаар ОХУ болон АНУ улс төрийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж