С.Жавхлан: Залуу, сайхан насандаа харийн нутагт очихыг хүсээгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Залуу, сайхан насандаа харийн нутагт очихыг хүсээгүй

 Зохиолын
дууны “ханхүү” гэгддэг дуучин С.Жавхлан “Түмний минь дуртай дуунууд”
тоглолтоо энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Монгол бөхийн өргөө”-нд
хийх гэж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр
дуучин С.Жавхлан сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт
өгснийг багцлан хүргэж байна.

-Та тоглолтоо яагаад “Түмний минь дуртай дуу” гэж нэрлэсэн бэ?

-Би
өнгөрсөн хугацаанд найман цомог гаргажээ. Тэр цомгуудаас ард түмний
минь сонсох дуртай дуу олон байдаг. Тиймээс ард түмний сонсох дуртай
дуунаас бүрдсэн тоглолт хийе гэж бодсон учир ингэж нэрлэсэн. Хүмүүс
миний тоглолтоос өөрийн хүссэн, сонсох дуртай дуугаа сонсоосой гэж
бодсон юм. Сор болсон 30 дуугаа дуулна. Хоёр, гурван шинэ дуу дуулна.
Хүмүүс миний тоглолтын тасалбарыг дэндүү хямд байна гэсэн. Гэхдээ би
бусад уран бүтээлчид шиг тоглолтын тасалбараа 100-200 мянган төгрөг гэж
үнэлэхийг хүсэхгүй байна. Ашиг харж дуулсан дуу хүнд хүрэхгүй шүү дээ.


-Таны дуунууд ихэнхдээ хит болдог. Дууны сонголтоо хэрхэн хийдэг вэ?
 
-Миний
аав шүлэг бичдэг хүн байсан. Би ч өөрийнхөө хэмжээнд шүлэг бичиж дуу
болгодог. Тиймээс дууныхаа шүлгийг илүү анхаарч сонголтоо хийдэг.


-Та нээрэн шүлэг бичдэг гэж үү?

-Яруу
найраг гэдэг агуу зүйлийг аавынхаа дэргэд байхдаа бага сага мэдэрсэн.
Шинэ уран бүтээл дээр ажиллахдаа нэн түрүүнд үгийн утга, шүлгийн
сонголтыг анхаардаг минь аавын нөлөө. Дууны шүлэг бичнэ гэдэг амар ажил
биш юм билээ. Аавын минь өвлүүлсэн шүлэг бичих авьяас одоо л тодорч
байна гэж хэлж болох юм.

-“Хөх нуруутны зөв сэрэхүй ухаан” ном гаргасан. Дахин ном гаргах уу?

-Би
өөрийнхөө гэгээлэг дурсамжуудыг бичиж байгаа. Магадгүй ном болгон
гаргах байх. Бүр ямар охинтой найзалж байсан тухайгаа хүртэл бичиж
байгаа шүү.


-Сүүлийн үед таны талаар сөрөг мэдээлэл их гарах
болсон. Ялангуяа гэр бүлийн асуудалтай чинь холбоотой. Үүнд та тайлбар
өгөх боломжтой юу?


-Энэ хугацаанд миний гэр бүлийн тухай
хэвлэлээр их л бичлээ. Би хувийн амьдралынхаа талаар яримааргүй байна.
Бүх зүйлээ яриад, тайлагнаад байвал утгагүй шүү дээ. Бас намайг бор
дарсанд орсон гэх мэдээлэл та бүхэнд сонирхолтой санагдаж байгаа байх.
Залуу хүний хувьд баяр ёслолын үед архийг уух биш дээжилдэг. Архи
гэдгийг уух биш дээжилж сурах хэрэгтэй гэж бодож байна.


-Таныг “Донж” төвийн Төгөлдөртэй хамтарч ажиллах болсноос хойш түүнтэй адилхан болох гэж оролддог болсон гэж хүмүүс боддог?

-Би
бол Төгөлдөр биш. Миний нэрний өмнө Төгөлдөр гэсэн нэрийг битгий
тавиарай. Аав минь өнгөрөхдөө “Аав нь хүүдээ эд хөрөнгө, алдар нэр
үлдээсэнгүй. Сайхан эрүүл бие, үнэн амьдралаа үлдээлээ шүү. Миний хүү
олныхоо дунд сайхан амьдраарай” гэж захисан. Тиймээс би аавынхаа нэрийг
ямар ч алдар, гавьяа шагналаар солихгүй. Тэгэхээр тэр хүнийг надтай
хольж, хутгах хэрэггүй. Бидний хооронд хамтын ажиллагаа л байдаг.


-Саяхан
рок, попынхон хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн. Бас хошин урлагийн.
Зохиолын дууны гол төлөөлөгчийн хувьд үүнд ямар бодолтой байна?


-Ямар
нэг тоглолт ч байна уу, сэтгэлийн мялаалга ч байна уу, юу ч байсан сүр
дуулиан болгож зарлаад, хэвлэлээр шоудаад байхыг би хувьдаа
таашаадаггүй. Мөн рок попынхон, зохиолын дууныхан гэж ялгаж зааглахад
дургүй. Хэрвээ хүүхдийн төлөө “За” гэж хэлэх гээд байгаа юм бол
урлагийнхан бүгдээрээ нэгдье л дээ. Бид чинь дугтарвал хүч нэг,
дуугарвал дуу нэг ард түмэн биз дээ.


-Долдугаар сарын 1-ний үймээний үеэр та тэр жагсаал дээр очсон уу?

-Найзтайгаа
хамт машинтай нэг тойрсон. Тэр үед машинаасаа буугаад “Миний
монголчуудаа тайван байя. Уур бухимдлаа дарж, ухаантай хандъя” гэж
хэлмээр байсан боловч эрх чөлөө, хийсэн сонголтынхоо төлөө тэмцэж
байсан залуус хэний ч үгийг хүлээж авахааргүй байсан. Харин монголоос
анх удаа олимпийн аварга төрсөн наймдугаар сарын 14-ний өдөр талбай
дээр очиж, ард түмнийхээ дунд орж баярласан. Машин дээрээ гарч зогсоод
“Монголын үнэртэй салхи” дуугаа дуулахад бүгд л дагаад дуулж байлаа.
Тэгэхэд би монгол хүн гэдгээрээ бахарсан. Би бас өөрөөрөө байж чадсан.
Ийм л эв нэгдэл бидэнд хэрэгтэй.


-Та ямар нэг намыг дэмждэг үү?

-Үгүй.
-Ирээдүйд улс төрд орох бодол байгаа юу?

-Монголчууд
бүгд улстөрчид шүү дээ. Хүн бүр нийгмээс, нэг нэгнээсээ хамааралтай
амьдардаг биз дээ. Хүүхдэд мэндэлснийх нь дараахан төрсний гэрчилгээ
олгодог. Энэ нь тухайн хүнийг улстөрч болгож буйн баталгаа. Би тэгж
боддог. Гэхдээ би бусдыг дуурайж, дагаж хошуураад байх дургүй.


-Таныг уран бүтээлийнхээ хажуугаар бизнес эрхэлдэг гэж дуулсан?

-Арван
жилийн сургуулиа төгсөөд түүхий эдийн наймаа хийдэг байсан. Хотод
ирэхдээ хэнд ч хэлэлгүйгээр чемодантай хувцсандаа 15 сая төгрөгтэй ирж
байлаа. Тухайн үед 3,4 хороололд нэг байр дөрөв, таван саятай байсан.
Гэхдээ би тэр мөнгийг найз, нөхөдтэйгээ нийлж, ууж идээд дуусгасан
байх. Ингээд л миний бизнесийн ажил зогссон.


-Эдийн засгийн хямрал танд нөлөөлж байна уу?

-Би
ямар ч үед мөнгийг бус сэтгэлийг нэгдүгээрт тавьдаг. Үндсэндээ аливааг
мөнгөөр бус сэтгэлээр хэмждэг. Тийм болохоор ямар ч цаг үед хэнээс ч
дутахааргүй баян байж чадна.


-Итали явж дуурийн сургуульд суралцах юу болсон бэ?

-Залуу,
сайхан насандаа харийн нутагт очихыг хүсээгүй. Италид очиход хэл ус,
зан заншил, хоол унд бүх зүйл нь өөр байх нь мэдээж. Аялгуут сайхан
монгол хэлнийхээ ганцхан өгүүлбэрийн утгыг бүрэн тайлж чадаагүй яваа
хэрнээ харь орны хэлээр дуулж, уран бүтээл туурвихад надад эрт байна.
Ер нь би монгол хэл, монгол аялгуугаа ямагт тэргүүн эгнээнд тавьдаг.


М.Урин /2009 оны 2 сарын 5/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж