УИХ-ын чуулган дөрөв хоногийн дараа завсарлах гэж байна. Үлдсэн хугацаанд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эрхэм гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Инновацийн тухай зэрэг хуулийн төслийг хурдавчлан батлахаар төлөвлөжээ.
Ирэх даваа гаригт намын бүлгүүд болон байнгын хороод, мягмар гаригт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, мягмар гаригийн үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан хийснээр чуулган завсарлах гэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэг нэлээд олон хуулийг дараагийн шинэ УИХ-ын хэлэлцэх ажлын төлөвлөгөөнд үлдээж буй аж. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг улс төр, сонгуулиас ангид орчинд батлах ёстой гэж гишүүд үзэж буй ажээ.
Д.ОЮУН