Сумочид VS үндэсний бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Сумочид VS үндэсний бөхчүүд

“Их Монголын алтан одод-2” сумочид болон үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолт эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Хаврын башё маргааш өндөрлөж, сумочид ирэх даваа гаригт Монголд хүрэлцэн ирэх гэж байна.  “Хакухо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон Лаа” компаниас хамтран зохион байгуулж буй сагсан бөмбөгийн шоу тоглолт тавдугаар сарын 23-нд 18.00 цагаас “Бөхийн өргөө”-нд болох юм. Тоглолтын тасалбарын үнэ 15.000 төгрөг байх бөгөөд орлогыг буян үйлсэд 100% зориулах юм.

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр”Монгол масс медиа” групп буюу “Боловсрол суваг” телевиз, NEWS.mn сайт, “Eagle News” TV болон “Sport box” зэрэг мэдээллийн сувгууд ажиллаж байна.

 Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын тэргүүтэй сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийн багт аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ.

Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтын үеэр энэ хоёр багаас гадна улс төр, урлаг, спортын оддын багийн маш сонирхолтой халз тоглолтууд болох тул үзэгч та бүхнийг Монголын алтан оддын сагсан бөмбөгийн тоглолтод урьж байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж