21-р зууны хөгжлийн үзэл, хандлага болох “Ногоон хөгжил”-д бүх нийтийг уриалж, цаашид жил бүр зохион байгуулах дуу хөгжмийн фестивалийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачилжээ.
“Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор явуулах “Экотон-2012” (Ecotone-2012) фестивал 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр 19:00–00:00 цагийн хооронд зохион байгуулах аж. Төв талбайд болох зуны анхны уралдаант шоу тоглолтын зохион байгуулалтад UBS телевиз, Нийслэлийн нутгийн зөвлөл, Аматун продакшн хамтран ажиллажээ. .
“Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль байгаль хамгаалах үйлсэд бүх нийт, тэр дундаа залуусын анхаарлыг хандуулах, байгаль дэлхий, түүнийг хамгаалах тухай сэдвээрх дууг олонд хүргэх, шинэ бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх, түүнчлэн олон улсад нэр хүндтэй аялал жуулчлалын “брэнд” арга хэмжээг бий болгох зорилготой юм. Энэ жилийн фестиваль нь 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох Aзи-Европын уулзалтын Байгаль орчны сайд нарын 4 дүгээр уулзалтын үйл ажиллагааны хаалтын хэсэг болон зохион байгуулагдах учир ногоон хөгжлийн төлөөх Монгол Улсын энэ санаачилгыг олон улсын хэмжээнд таниулах өргөн боломж олгож байгаа. Учир нь, АСЕМ-ийн Байгаль орчны сайд нарын 4 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид болон "Экотон-2012” фестивалийн хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид фестивалийн хүндэтгэлийн хойморт суух юм. Иймд Монгол Улсаас байгаль хамгаалах салбартаа баримталж буй бодлого, дэвшүүлж буй үзэл баримтлал, амжилт ололтыг харуулах мэдээллүүдийг энэ үдэш мөн гадаад, дотоодын хүндэт зочдод танилцуулах юм байна.