II Элизабет дарангуйлагчдыг зоогт урьжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

II Элизабет дарангуйлагчдыг зоогт урьжээ

Их Британийн хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны ойн баярт зориулсан хүндэтгэлийн зоогт “болохгүй” зочид уригдсанаас болж, хатан хаан хүний эрхийн хамгаалагчдын шүүмжлэлд өртжээ. Виндзорын ордон дахь хатан хааны хүндэтгэлийн тансаг зоогт өнгөрсөн жил эрх баригчдыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг хүчээр дарсан Бахрейны ван, иргэд нь ядуурал гуйланчлалд нэрвэгдсэн ч эрх баригчид нь итгэмээргүй тансаг хэрэглээгээрээ гайхагдсан Свазиландын хаан Мсвати III, эрх баригчид, ялангуяа хааны гэр бүлийг шүүмжилсэн иргэдэд хатуу шийтгэл оноодог Тайландын ван зэрэг хүний эрхийг зөрчдөгөөр алдартай орнуудын удирдагчид уригдсан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эгдүүцлийг төрүүлжээ.

Их Британид хүний эрхийн төлөө тэмцэгчдийн кампанит ажлыг өрнүүлж буй бүлгийн тэргүүн “Хатан хаан угсаа залгамжилсны ойг тэмдэглэхдээ дураараа авирлагч, харгис дарангуйлагчдыг урьсан нь итгэмээргүй хэрэг” гэж мэдэгдсэн байна. Гэвч хүний эрхийг хамгаалагчид хатан хааны хүндэтгэлийн зоогт уригдсан хаант засаглалтай орнуудын язгууртан дээдсүүдийг бүгдийг нь эсэргүүцээгүй аж. II Элизабет Дани, Люксембург, Бельги, Норвеги, Швед, Монакко болон Японы эзэн хаадтай хамт угсаа залгамжилсны ойн хүндэтгэлийн зоогч урьжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж