ШШГЕГ Н.Энхбаярын бичлэгийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

ШШГЕГ Н.Энхбаярын бичлэгийг дэлгэлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас өнөөдөр /16.40 цагт/ МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хоригдож байсан үеийн зарим  бичлэгийг дэлгэлээ. Тус газрынхан хэвлэлийн бага хурал хийх болсон талаараа “Н.Энхбаярыг цагдан хоригдож байх хугацаанд хүний эрх зөрчсөн үйлдэл гарсан, түүнтэй зүй бусаар харьцсан зэрэг ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул бодит байдал, болсон явдлын талаар үнэн зөв тайлбар өгөх шаардлага гарч байна” хэмээн тайлбарлав.

Хэвлэлийн хуралд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа П.Хосбаяр, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Л.Өлзиймөнх, Төв аймгийн ШШГЕГ-ын дарга н.Болд нар оролцсон юм. Тэдний өгсөн мэдээллийг товчлон хүргэж байна.

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяр:

-“Н.Энхбаярыг хоригдож байх үеийн талаар худал мэдээлэл олон нийтэд хүрч байгаа учир аргагүйн эрхэнд үнэн бодит байдлыг танилцуулж байна. Н.Энхбаярыг цагдан хорих хугацаанд хуулийн байгууллагаас нэг ч удаа хүний эрх зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй.  Бид тавдугаар сарын 05-нд Н.Энхбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт авчирсныхаа дараа түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нартай уулзуулсан. Тэдэнд Цагдан хорих 461 дүгээр ангийн өрөө, орчин нөхцөлийг хүртэл танилцуулсан. Гэтэл маргааш нь /V.6-нд/ Н.Энхбаярын хүү хэвлэлийн бага хурал зарлаж, “Аавтайгаа уулзаж чадахгүй байна” гэсэн худал мэдээлэл цацаж, мэдэгдэл хийсэн /Тавдугаар сарын 5-ны өдөр О.Цолмон, Э.Батшугар нар МАХН-ын дарга Н.Энхбаяртай Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд Прокурорын байгууллагын хяналт дор уулзаж байгаа бичлэгийг үзүүлэв/.

Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Хүссэн, хүсээгүй ямар ч аргаар хамаагүй эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна” гэсэн хүсэлт тавьж, ар гэрийнхэн нь зөвшөөрсний дагуу түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэхээр болсон юм.  Гэтэл Төв аймгийн цагдан хорих байрнаас гарах үед Н.Энхбаяр гутлаа тайлж, хаалганаас зууран эсэргүүцэл үзүүлсэн байдаг. Тиймээс бид өргөж гаргахаас өөр арга байгаагүй. Ер нь Н.Энхбаяр хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн ирсэн байгаа үед зориудаар эсэргүүцэл илэрхийлж байсан. Гэтэл Цагдан хорих 461 дүгээр ангиас Нэгдсэн II эмнэлэгт хүргэх үед /Хэвлэл, мэдээллийнхэн энэ үед байгаагүй хэмээн тодотгов/ ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, өөрөө машин руу орж суугаад, энгийн байдлаар эмнэлэгт очсон гэв. /Тэд 461-р ангиас ухаан алдсан байдалтай II эмнэлэг рүү ачигдсан гэх мэдээллийг үгүйсгэж, тус ангиас өөрийн эмчийн хамт, гарч яваа бичлэгийг үзүүлэв/”.

Цагдан хорих 461-р ангийн дарга Л.Өлзиймөнх:

-“Манай цагдан хорих төвийн эмнэлэг шинээр ашиглалтад орсон газар. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэвтүүлэхээр авчирахад нь бид түүнд тусгайлан зориулж 4-5 өрөө гаргаж өгсөн. Ар гэрийнхэнд нь хүртэл эмнэлгийн нөхцөл байдлыг танилцуулсан. Тэд эмнэлгийн нөхцөл, орчин ямар байсныг маш сайн мэдэж байгаа. Цагдан хорих 461-р анги Н.Энхбаярыг тэнд байх хугацаанд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг хүний эрх зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв

Ингээд ШШГЕГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын Нэгдсэн II эмнэлэгт хэвтэж байх үеийн бичлэгийг үзүүлэв. Эл бичлэгт, Н.Энхбаяр ШШГЕГ-ын ажилтан болон эмч нар руу “Хуцваа чи, Зайл, гар чи муу баас минь… Үхсэнээ хийгээд зогсоод байгаа юм… Тэр Ц.Нямдорж баасыг дууд. Ерөнхийлөгч чинь чамайг дуудаж байна, муу хулгайч аа гэж хэл” гэх зэргээр дайрчээ.

EAGLE NEWS телевизийн шууд дамжуулан хүргэсэн эл мэдээллийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж