Францын Френч Ривиера эрэг дээрх үзэсгэлэнт Канн хотод олон улсын кино наадам 65 дахь жилдээ болж байна. Дэлхийн хамгийн шилдэг киночид тэнд л цуглардаг аж. Учир нь Каннын кино наадамд туршилтын кинонууд биш, жинхэнэ шилээвэр бүтээлүүдийг сойдог. Кино наадамд энэ жил оролцож буй найруулагчдын дийлэнх нь 60 гарсан хөгшин “бурхинууд” боловч киноны чанар наснаас хамаарахгүй, Каннын кино наадам бол зөвхөн авьяастнуудын цуглах газар гэж зохион байгуулагчид ярьж байгаа аж.
Каннын 65 дахь удаагийн кино наадамд дэлхийн 15 орны найруулагчдын 22 кино өрсөлдөж байгаа юм. Каннын 65 жилийн ойг тэмдэглэж буй хүмүүс Холливудын домогт жүжигчин Мерлин Монрогийн төрсөн өдрийн бялуу зүсч буй зурагтай хаа сайгүй тааралдаж байгаа нь санамсаргүй зүйл биш аж. Холливудын шаргал үст үзэсгэлэнт одын инээмсэглэсэн зураг наадмын тэргүүн шагнал “Алтан дал мод”-ны төлөөх өрсөлдөөнд эмэгтэйчүүдийн бүтээлийг дутуу үнэлж буйг шүүмжилсэн нээлттэй ил захидал ирсэнтэй холбоотой аж. Каннын “Алтан дал мод”-ны шагналын эзэн болсон цорын ганц бүсгүй бол 1993 онд “Төгөлдөр хуур” киног найруулсан Шинэ Зеландын Жейн Кемпион байсан юм. Каннын кино наадам хамгийн олон жил зохиогдож буй наадам бөгөөд дэлхийн II дайны үед завсарлаж байсан юм.
Каннын кино наадамд энэ жил үзэгчдийн хайртай уран бүтээлчид найруулагч Квинтин Тарантино, жүжигчдээс Брэд Питт, Роберт Паттинсон, Кристен Стюарт, Жемми Фокс, Леонардо Ди Каприо нар очжээ. Каннын кино наадмын эдгээр өдрүүдэд Вес Андерсон, Кен Лоуч, Дэвид Кроненберг зэрэг найруулагчдын бүтээлүүдийг үзүүлэх юм. Каннын кино наадамд олон киночид бүтээлээрээ өрсөлдөж буйгаас Францын гайхалтай өвөрмөц найруудагч Мишель Гондри цоо шинэ бүтээлээ дэлгэн үзүүлэх аж. Энэ найруулагч “Eternal Sunshine of the Spotless Mind; Be Kind, Rewind”, Холливудын комик номоос сэдэвлэсэн “Green Hornet” зэрэг дэлгэцийн гайхалтай бүтээлүүдээр нэрд гарсан юм. Түүний сүүлд найруулсан шинэ кино “The We And The I “ нь Бронксын сургуулийн сурагчдын автобустай аяллын тухай өгүүлдэг. Кинонд Нью Йоркийн ахлах сургуулийн сурагчид тоглосон бөгөөд тэдний хэн хэн нь анх удаа камерын өмнө гарч үзсэн хүүхдүүд. Өнөөдөр буюу Каннын кино наадмын гуравдахь өдөр Британийн кино од Киллиан Мёрфи, Тим Рот нарын гол дүрд нь тоглосон “Broken” киног үзүүлсэн. Кино сонирхогчид үүний трэйлер нь гарснаас хойш үзэхийг тэсэн ядан хүлээж байсан билээ. Киноны уран бүтээлчид хэвлэлийнхэнтэй уулзах үед Хонконгийн нэрт кино од Жеки Чан ч бас тэнд байсан аж. Лхагва гаригт эхэлсэн Каннын кино наадам энэ тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ.