Зөвлөлтийн дэглэм нуран ОХУ түүний залгамжлагчаар тодорч Борис Ельцин төрийг удирдах болсон. Гэвч тэрбээр улсад нь эрчимтэй өрнөж эхэлсэн далд эдийн засгийн өсөлтийг хянаж чадаагүй юм. Бреттон Вүүдсийн чуулга уулзалтаар байгуулагдсан Олон улсын валютын сан тухайн үед гишүүн орнууддаа тогтвортой валютын ханшийг баримтлах замаар олон улсын худалдааг хөгжүүлэхийг уриалж байв. Гэвч санг бүрдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байсан ОХУ тус байгууллагад элсэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан билээ. Улс төрийн тогворгүй байдал, хуулийн хэрэгжилт гэж үгүй болсон урд хөршид хувьчлал гэдэг зүйл хараа хяналтгүй өрнөж, улсын өмчийг “хулгайлж” байлаа. Ийм ч учраас Орос ахан дүүсийн байгууллагад элсэхгүй гэсэн шийдвэр Олон улсын валютын санд сайхан мэдээ болж улмаар тэд илүү тогтвортой гэх орнуудад хандах болжээ.
90 жилийн турш Америк, Их Бритнийн удирдлагуудаар ахлуулж буй энэ байгууллага геополитикийн нөлөөллөө алдахгүйн тулд эдийн засгийн асар их боломжтой улс орнуудыг онилсоор ирсэн. Олон улсын валютын сан Дэлхийн банктай хамтран Washington Consensus буюу Вашингтоны Концесс хэмээх макро эдийн засгийн бодлогыг 1989 онд боловсруулсан байдаг. Үүгээрээ Азийн хөрөнгийн биржийн уналтад дөрөөлөн тус бүсийг элсүүлж амжсан төдийгүй Латин Америкт ч нөлөө бүхий байгууллага болж чадсан байдаг.
Харин 2011 онд буюу Олон улсын валютын сан Вашингтоны Концессийн хэрэгжилт энэ олон жилийн турш амжилт олоогүйг хүлээн зөвшөөрснөөс гурван жилийн дараа дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн билээ. Тус Концесс хэдийгээр нео либерал эдийн засгийг тунхаглаж байсан ч 1917 оны социалист Концессээс ялгарах зүйлгүй байсан хэмээн шинжээчид үздэг аж. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн эл онд урд, хойд хөрш Олон улсын валютын сангийн зөвлөмжийг үл ойшоож өөрсдийн хүчээр хямралыг даван туулсан. Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн салбарт үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж байв. Харин валютын санд 22 тэрбум ам.долларын өрийн данстай Оросууд төсвийн хатуу бодлого, бага хэмжээний татвар болон үл хөдлөх хөрөнгө дэх төрийн зохицуулалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн юм.
Нахиалж буй эдийн засагтай орнуудын хувьд Олон улсын валютын сан хонгилын үзүүрт харагдах гэрэл байсан. Гэвч тус байгууллага чухал байр сууриа алдаж эхэлсэн байлаа. Сангийн удирдлагууд байгууллагынхаа квотыг ихэсгэн улмаар дэлхийн эдийн засгийг гартаа авах нь зөв хэмээн үзэж байсан юм. Эцэст нь, Америк болон Их Британи эдийн засгийн хямрал болон түүний үр дагаврын эсрэг ямар ч арга хэмжээ авч чадахгүйд хүрсэн. Одоогийн байдлаар АНУ-ын квот 17.7 хувьтай байгаа. Америк, Канад, Япон, Австрали болон Европын зургаан том гүрэн нийлээд тус байгууллагын 50 хувийг эзэмшиж байна. Энэ нь тэднийг сангийн бодлого тодорхойлогч болгож байгаа юм. Учир нь, тус сангаас олгож буй зээл дээрх орнуудаас зээлж буй мөнгө гэсэн үг.
Олон улсын валютын санг Америкийн инфляцийг холуур тойрохын тулд илүүдэл мөнгөө шиддэг торх гэх нь бий. Зээлдэгч орнууд харин олон улсын худалдаа, Барууны соёлд суралцах боломж гэх нэрээр долларын боол болдог аж. Эдийн засгийн өсөлтийг дөнгөж хүртэж эхэлж буй BRICS (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) болон Латин Америкийн орнуудын хувьд энэ нь тийм ч таатай мэдээ биш гэдэг нь тодорхой. Евро бүсийн хямралаар шалтаглан тус тивийн хөгжилтэй орнууд валютын сангийн нөөцөд хөрөнгө хандивлахыг хүсэхгүй байгаа. Олон улсын валютын сангийн төсвийг хэд давсан хөрөнгө босгож чадсан Хятад, Оросын хувьд валютын “донор” болж тус санд санал оруулах эрхээ ихэсгэвэл яасан юм бэ гэх яриа чих дэлдэж байна. Валютын донор болсноор дэлхийн зах зээлийн санхүү “атгадаг” нь сонгодог жишээ юм. Гэвч Хятад, Орос хэзээ ч хамаагүй тусламжийн гараа татахад бэлэн байгаа ч Олон улсын валютын сан цагаан туг өргөх болоогүй байна. Учир нь, тус байгууллагыг дампууруулах нь хөгжиж буй, хөгжингүй орнуудад аль алинд нь халтай болохыг хэн хүнгүй мэдэж буй. Тийм учраас саяхан Оросын Сангийн сайд Антон Силуанов Валютын сангийн хувьцааг дахин худалдаж авах санал тавьсан. Үүнийг байгууллагын мөнгөн санд өгч буй хандив гэж ойлгож болох аж. G20-ийн гишүүн орнуудын сангийн сайдууд болон Төвбанкуудын захирлууд Олон улсын валютын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг 430 тэрбум ам.доллараар нэмэх шийд гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард сан дахь BRICS-ийн орнуудын квот 10.71 хувиас 14.18 хувь, Орос дангаараа 2.49 хувиас 2.71 хувь болж өссөн талаар мэдэгдэл хийсэн байдаг. Ийнхүү Орос хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын есдүгээрт бичигдэх болжээ. Орос улс 10 тэрбум ам.доллар хандивлаад зогсохгүй нь мэдээж.
Талбарт үлдэхийн тулд тус байгууллагад ердөө 70 тэрбум ам.доллар хангалттай боловч G20-ийн гишүүд нийт 362 тэрбум ам.доллар хандивлах аж. BRICS-ээс гадна Азийн бар орнууд ч тусламжийн гараа сунгахаа мэдэгдсэн ч тодорхой тоон баримт гараагүй байгаа аж.
Эх сурвалж:
WWW.MONGOLIANECONOMY.MN