Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэ өдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, сонгуулийн зохион байгуулалт, санал хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа. “Энэ удаагийн сонгууль хосолсон тогтолцоогоор явагдана. Анх удаа гадаадад оршин сууж байгаа иргэд саналаа өгнө. Сонгогчийн нэрсийн жагсаалт иргэний шинэчилсэн бүртгэлд тулгуурлаж байгаа. Мөн анх удаа санал өгөх, саналын хуудас тоолох ажлыг автоматжуулсан, анх удаа хоёр сонгууль нэг өдөр, нэг саналын хуудсаар авах гэж байгаа зэрэг олон онцлогтой тул хийж бэлтгэх ажил их байна” гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулгаа эхэллээ.
Энэ жил 26 тойрог, 1908 хэсгийн хороогоор 1 839 984 сонгогчийн нэрсийн жагсаалтыг УБЕГ-аас цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч, сонгуульд оролцох 11 нам 2 эсвэл бүртгэжээ.
Хилийн чанадад ажиллаж буй 39 элчин сайдын яам, дипломат корпусын газраар дамжуулан саналаа өгөх иргэдээ бүртгэж эхэлсэн байна.
Энэ жилийн сонгуулийн нэг чухал зүйл бол саналын хуудсыг тоолох ажиллагааг АНУ-ын “Доминион Вотинг Системс” компанийн саналын хуудсыг автоматаар тоолох хайрцаг гүйцэтгэх юм. Нийт хэсгийн хороодод байрлуулах болон явуулын, нөөцийн гэх мэтчлэн 2500 автомат хайрцаг авчрах ёстойгоос 1200 гаруйг нь авчирч бэлэн болгожээ.
Сонгуулийн тухай хуулийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Сонгогчдод арга зүйн туслалцаа үзүүлэх журам баталлаа. Саналын хуудсыг 6 дугаар сарын 6-наас хэвлэж эхлэхээр төлөвлөж байна гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав мөн ярилаа.
Ерөнхийлөгч, сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим сонирхсон асуултаа тавьж хариулт авлаа. Дараа нь тэрээр санал өгөх, саналын хуудсыг автомат хайрцагт хийх, саналын хуудсыг тоолох ажиллагаатай нэг бүрчлэн танилцсан юм.
Сонгогч санал өгөх байранд орж ирээд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлж бүртгэлийн хуудсаа авна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу тухайн сонгогчийг үндсэн мэдээллээс гадна фото зургийн мэдээллийн сан, биеийн дахин давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулсан мэдээллийн сантай тулгаж байгаа тул сонгогч дахиж саналаа өгөх боломжгүйг компьютер харуулж байлаа.
Дараа нь саналын хуудсан дээрх тэмдэглэгээг зааврын дагуу хийгээд хуудсаа автомат хайрцагт хийнэ. Хааш нь ч харуулж, яаж ч хийсэн сонгогчийн саналыг уншаад автоматаар бүртгэнэ. Энэ явцад санал тооцогдохгүй байх, “алга болох” боломжгүйг туршилтаар харуулав.
Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр хэлэхдээ “ Өнөөдөр жирийн иргэнээсээ эхлээд улсын Ерөнхийлөгчөө хүртэл хэн ч бай сонгуулиа шударга явуулах боломжтой юм байна гэсэн тэр итгэл үнэмшлийг л олж авах нь чухал байгаа юм.
Сонгуулийг хуулийн дагуу, шударга явуулах чиглэлд 2009 оноос хойш олон ажил хийсэн байгаа. УИХ, Засгийн газар, холбогдох яам газрууд бүгд анхаарч ажилласан. Миний хувьд сая Иргэний бүртгэлийн газар очиход эрх зүйн хувьд, санхүү, техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд иргэний бүртгэл давхцах, хүндрэл учрах зүйлгүй болжээ. Ийм боломж бүрэн бүрджээ гэсэн итгэл үнэмшил төрж байна. СЕХ-ны даргын саяын танилцуулгыг харж байхад сонгууль явуулахад, одоо төлөвлөж байгаа ажлуудаа хэрэгжүүлээд ажиллахад сонгуульд өмнө нь гардаг байсан будлиан маргаан гарахгүй байх эрх зүйн зохицуулалтыг сайн хийж өгсөн, амьдралд хэрэгжих боломжтой юм байна. Энэ итгэл үнэмшлийг олж авч байгаа гэдгийгээ харуулах гэсэн юм.
Дараагийн хэлэх нэг чухал зүйл бол өмнө нь манай хуульд хариуцлагын тухай асуудал их сул байдаг байсан. Хуулиа батлахдаа баахан үүрэг, эрх ярьж байгаад хариуцлага дээрээ очоод мартдаг байсан. Одоо энэ удаад хариуцлагын асуудлыг УИХ-ын сонгуулийн хуульд ч, НИТХ-ын сонгуулийн хуульд ч адилхан хоёуланд нь тодорхой хийж өгсөн гэж ойлгож байгаа. Хариуцлага алдах, дээр нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах юм бол ямар хариуцлага тооцохыг Захиргааны хариуцлагын болон Эрүүгийн хуульд заасан.
УБЕГ болон СЕХ-ны хамтын ажиллагааны харилцан уялдаа маш чухал байна. Энэ талаар ямар нэг хүндрэл гарахгүй гэж бодож байна.
Дахин хэлэхэд энэ удаагийн сонгуулийг ямар нэгэн хэл яриагүйгээр иргэдийнхээ өгсөн саналын дагуу дүнгээ гаргаад хэвийн явуулна гэсэн итгэлийг л авах гэж энд ирж байгаа юм. УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгч өөрийн биеэр хүлээж авдаг. Тиймээс энд Ерөнхийлөгчийн оролцох оролцоо, хариуцлага бас байгаа. Тийм учраас энд бүгдээрээ тал талаасаа хариуцлагатай ажиллъя” гэлээ.