Эгч, дүү Уильямс шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Эгч, дүү Уильямс шөвгийн наймд шалгарлаа

Талбайн теннисний ATP болон WTA-н ангилалд зүй ёсоор багтах Ромын мастеруудын тэмцээн Италийн Ром хотноо үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн бүхий л шилдгүүд оролцож байгаа бөгөөд шөвгийн 16-н тоглолтууд өндөрлөж шигшээ наймд өрсөлдөх теннисчид тодроод байна. 1/8-н тоглолт өнөө шөнө болж хагас шигшээд өрсөлдөх теннисчид маргааш тодорно.

Эрэгтэйчүүдээс дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович, Францын Жо-Уилфред Цонготай (5), Испаний Рафаэль Надаль (2) Чехийн Томаш Бердыхтэй (7) учраа таарсан бол “Швейцарь цаг” хочит Рожер Федерер (3) Италийн Сэппитэй (30), Испанийн Дэвид Феррер (6) Францын Гаскетэй (16)  оноолт таарсан байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд тус тэмцээнд цагаан хуудсаар оролцож буй АНУ-ын Винус Уильямс дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Мария Шараповатай, Серена Уильямс (9)  Италийн Флавия Пеннеттай (24), өнгөрсөн жилийн Уимбльдоны аварга Чехийн Петрова Квитова (4)  Германы Кербертэй (12), Хятадын Ли На (5) Словакийн Цибулковатай (14)  оноолт таарсан байна.

Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний аваргууд 460 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 1000 оноо хүртэх бөгөөд хосын төрлийн аваргууд 142 мянган ам.доллар, чансааны 1000 оноо хүртэх ажээ. Тэмцээн энэ сарын 20-нд өндөрлөнө.

Дашрамд дуулгахад талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд эхлэх билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж