Сонгуулийг алдаа, зөрчилгүй явуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Сонгуулийг алдаа, зөрчилгүй явуулах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтай өнөөдөр танилцлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа Ерөнхийлөгчид ажлаа танилцуулж хэлэхдээ “Манай газар үндсэн үүргийнхээ дагуу 3 төрлийн бүртгэл явуулдаг. Нэгд иргэний бүртгэл, хоёрт хуулийн этгээдийн бүртгэл, гуравт эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийдэг. Аймаг, нийслэлд иргэний болон эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийгддэг. Нэг гол хийгээд байгаа ажил бол иргэний шинэчилсэн бүртгэл. Шинэчилсэн бүртгэлийг 2010 оны 7 дугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 31-нд 1 655 091 хүн бүртгэгдсэн байв. Энд 16 нас хүрснээс дээшх хүмүүсийг бүртгэсэн.  2012 оны 5 дугаар сарын 1-нд 1 940 875 иргэн бүртгүүлсэн байсан. Энэ бүртгэлээс 3 үр дүн гарсан гэж үзэж байгаа. Нэгд иргэний үндсэн мэдээллийг шинэчилсэн. Үүнд 14 мэдээлэл орж байгаа. Хоёрт иргэдийн фото зургийн мэдээллийн сан, гуравт хурууны хээний сан бүрдсэн.

Энэ он бол сонгуулийн жил. Иргэний цахим үнэмлэхээр санал өгүүлэхээр яригдсан ч амжихааргүй болсон. Уг нь гэрээгээр нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 28-нд бэлдцийг нийлүүлэх байсан. Гэтэл амжихгүй гээд дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 1-ний хооронд тодорхой хуваариар нийлүүлэх болсон. Тавдугаар сарын 17-ны байдлаар 960 000 бэлдэц нийлүүлэхээс 472 340-ийг аваад байна. Цахим үнэмлэхэд нийт 14 мэдээлэл бичигдэх юм. Ил болон далд мэдээлэлтэй. Далд мэдээлэл бүхий чипэнд хурууны хээний мэдээллийг суулгаж өгсөн. Бидэнд одоогоор үнэмлэх хийх 2 машин болон програмыг өгөөд байгаа.

Монгол Улсын Сонгуулийн хуульд заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 15-нд нийт 1 829 879 сонгогчийн мэдээллийг өөрийн WWW.BURTGEL.MN цахим хуудаст байрлуулсан. Сонгогч энэ хаягаар орж, регистрийн болон иргэний үнэмлэхний дугаараа хийж зөвхөн өөрийн тухай мэдээллийг харах боломжтой. Мөн хуулийн дагуу 2012 оны 5 дугаар сарын 3-нд 26 тойрог, 1908 хэсгийн хороогоор 1 839 984 сонгогчийн нэрсийн жагсаалтыг гарган  Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр албан ёсоор хүлээлгэн өгөөд байна.

Бид “Цахим архив” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд нийт байгаа 3 төлийн 46 сая цаасан нэг хувь бүртгэлийг хоёр хувь болгоно. Мөн цахим хэлбэрээр маш хурдан хугацаанд аль ч аймгаас архивын лавлагаа авах боломжтой болно.

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт эд хөрөнгийн эрхийн болон гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг дөрөвдүгээр сард шилжүүллээ. Ингэснээр манай төвийн ачаалал 60 хувь буурч, үйлчилгээ иргэдэд ойртон, шуурхай болж байна” гэв.

Ц.Элбэгдорж: Дүүрэгт бүртгүүлэхэд төвдөө давхар бүртгэгдэх үү?

Л.Амарсанаа: Шаардлагатай бол бүртгэж болно. Сүлжээтэй учраас хоорондоо холбогдож харах боломж бас бий.

Үүнээс гадна дундын өгөгдлийн сан бүрдүүлж, түүнд шаардлагатай байгууллагууд орж мэдээлэл авах боломжтой.

Ц.Элбэгдорж:
УИХ дээр танайтай холбоотой ямар асуудал яригдаж байгаа билээ?

Л.Амарсанаа: Цахим үнэмлэхээр сонгууль өгүүлэх боломжгүй болсон тул УИХ дээр 3 заалт бүхий нэг тогтоолын асуудлыг ярьж байгаа. Нэгд Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор баталсан  загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийг 2012 оны сонгуулийн санал хураалтад ашиглах, хоёрт  энэ сонгуульд Иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээлэл болон иргэний фото зураг, хурууны хээн өгөгдлийг ашиглаж сонгогчийг таньж шалгах ажиллагааг зохион байгуулах тухай юм.

Ц.Элбэгдорж:
Хөдөө орон нутагт сум, баг дээр наадахыг чинь ашиглах боломж байгаа юу? Техник хэрэгсэл нь очих уу?

Л.Амарсанаа: Бид болно гэж үзэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороон дээр илүү тодорхой мэдээлэл өгнө байх. Бид та бүхэнд үзүүлнэ.

Ц.Элбэгдорж: Регистрийн дугаараа хийхэд л мэдээлэл гарах уу?

Л.Амарсанаа: Хурууныхаа хээг хийхэд л болно.

Ц.Элбэгдорж: Хурууны хээн өгөгдлөөр газар бүр шалгах боломжтой юм байна гэж ойлголоо.

Л.Амарсанаа: Тийм. Сонгуулийн хэсгийн хороо бүр дээр санал өгөх сонгогчийнх нь тоогоор мэдээлэл суулгасан нэг компьютер байх юм.  Гэхдээ энэ техник хэрэгсэл Сонгуулийн ерөнхий хорооны мэдэлд байгаа. Тэд тендер зарлаж авсан юм. Тиймээс хоёр байгууллага ажлаа зохицуулаад мэдээллийн сангаа суулгаад 1908 хэсгийн хороонд албан ёсоор хүргүүлэх юм шиг байгаа. Бид тэгж ойлгож байгаа.

Нэг анхаарах чухал асуудал бий. Тэр уншуулж буй хурууны хээ, сангийн мэдээлэл хоёрыг хооронд нь таниулах програм хангамжийг Сонгуулийн ерөнхий хороо тендерээр хийх байгууллагыг нь шалгаруулж суулгах юм. Үүнд цаг хугацаа бага үлдлээ гэж бид санаа зовж ярилцаж байгаа.

Ц.Элбэгдорж:
Энэ талын зохион байгуулалт, санхүүгийн асуудал шийдэгдэж байгаа. Тийм үү?

Л.Амарсанаа:
Шийдэгдсэн юм гэнэ лээ. Одоогоор ямар нэг мөнгөний яриа гарахгүй байгаа. Техник хэрэгслээ аваад ирсэн гэсэн.

Ц.Элбэгдорж: Сонгуулийн хуулийн 20 дугаар зүйлд заасанчлан сонгогчдын бүртгэл, нэрсийн жагсаалтыг алдаа давхардалгүй гаргана. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар удирдлагаар хангана. Итгэмжлэгдсэн ажилтан ажиллуулна гээд байгаа. Энэ ажлууд хийгдсэн үү?

Л.Амарсанаа: Хийгдсэн.

Ц.Элбэгдорж: Итгэмжлэгдсэн ажилтан хаана ажиллах юм бэ?

Л.Амарсанаа: Нийслэлд хэсгийн хороодын сонгогчдын тоог 3000 хүртэл, аймгийн төвийн суманд 2500 хүртэл, бусад хэсгийн хороод 2000 хүртэл гэж хуульд заасан байгаа. Ингээд бодохоор 1000 хүртэл сонгогчтой хэсгийн хороонд 1, 2000 хүртэл бол 2, 3000 хүртэл бол 3 итгэмжлэгдсэн ажилтан ажиллахгүй бол цаг хугацааны хувьд техник ажил нь багтахааргүй байгаа. Тооцоогоор 1908 хэсгийн хороонд 2934 итгэмжлэгдсэн ажилтан ажиллахаар байна. Энэ улсууд мэдээллийн сантай харьцах учраас албан ёсоор тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Бүх хүнтэйгээ энэ талаар ярилцаад сонголтоо хийчихсэн байгаа.

Ц.Элбэгдорж: Иргэний үнэмлэх дээр тэмдэглэгээ хийх үү?

Л.Амарсанаа: Хуулиараа Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг мэднэ.

Ц.Элбэгдорж: Монгол хэдэн оноос хойш хүнээ бүртгэсэн юм. Танай архивт хэдэн оноос хойшхи цаасан дээрх бүртгэл байгаа вэ? Иргэн нас барснаас хойш түүнийг хэдэн жил хадгалдаг юм бэ?

Л.Амарсанаа:
1951 оноос анх бүртгэсэн. Нас барснаас хойш 70 жил хадгалах ёстой.

Ц.Элбэгдорж:
Нэг  тоо лавлая. Иргэний шинэчилсэн бүртгэлээр 2010 оны 12 дугаарын 31, 2012 оны 5 дугаар сарын 1-ний тоо хоорондоо 300-гаад мянган хүний зөрөөтэй байсан. 2010 онд надад өгсөн мэдээллээр 95 хувийг нь бүртгэчихлээ гэж байсан санагдана. Хүн амын өсөлтөөр бол ийм их баймгүй. Энэ тоон өсөлтийн учрыг асуумаар байна. Хоёр жилийн дотор ингэж өсөхгүй шүү дээ.

Л.Амарсанаа: Нэгд тэр үед бүртгэлд өөрсдөө зориуд ороогүй үлдсэн хүмүүс байгаа. Хоёрт бичиг баримтын зөрчилтэй хүмүүс нэлээн байсан. Өөрөөр хэлбэл бичвэрийн зөрөөтэй гэсэн үг. Гуравт гадаадад амьдарч байгаа 16-аас дээш насны иргэдийн бүртгэлд хүндрэл байсан. Тавдугаар сарын 1-ний байдлаар  гадаадад байгаа 32885 иргэн бүртгүүлсэн байна. Хилээр гарсан бүртгэлээр үүнээс олон байх ёстой.

Ц.Элбэгдорж: Энэ чинь нийт гадаадад байгаа бүртгэх ёстой иргэдийн хэдэн хувь болж байгаа юм бэ?

Л.Амарсанаа: Манайхны гаргасан тоогоор 103-104 мянган хүн байна. Тэгэхээр цаана нь 70-аад мянган хүн бүртгэгдээгүй байна гэсэн үг.

Ц.Элбэгдорж: Монголдоо байгаа хүмүүсийн бүртгэгдсэн тоо 1 940 875 гэсэн. Энэ зуун хувь байж чадах уу? Эсвэл хамрагдаагүй улсууд байна уу? 64 мянгаас бусдыг нь асууж байна.

Л.Амарсанаа: 95 орчим хувь гэж гарч байгаа. Сонгуулийн насныхан нь 98.4 хувь байгаа. Хилийн чанадад байгааг оруулаад шүү.

Ц.Элбэгдорж: 5 хувь бүртгэлд хамрагдаагүй гэдэг чинь 150 мянга орчим гэж үзэж болох уу? Нөгөө шинэчилсэн үнэмлэхээр санал өгнө гэсэн хүмүүс яаж өгөх юм? Хэдийд иргэний үнэмлэх өгөх хугацаа зогсох юм?

Л.Амарсанаа:
Тэр орчим тооны гэж болно. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хуучин иргэний үнэмлэхийг олгохоо зогсоосон. Тэр үеэс тавдугаар сарын 1-ний хооронд тэр үнэмлэхийг орлох зурагтай лавлагааг 64940 хүн авсан байгаа. 16-гаас дээш насныхан. Үүнээс сонгуулийн насныхан нь 40 орчим мянган хүн байна. Түрүүн би УИХ-ын тогтоол гарах тухай дурдсан. Түүний гурав дахь заалт нь “Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэдэд иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг хэвлэж тараах ажлыг зохион байгуулах” гэсэн байх юм. Тэгэхээр иргэний үнэмлэхний оронд лавлагаатай байгаа хүмүүст УИХ-аас тогтоол гарч үүрэг өгвөл цахим үнэмлэхийг хэвлэж олгох болно.

Ц.Элбэгдорж: Иргэний үнэмлэх өгөхийг хэзээ зогсоох билээ?

Л.Амарсанаа: Иргэний үнэмлэх биш. Хоёр янзын шилжилт хөдөлгөөн байгаа юм. Засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг сонгууль зарласан өдрөөс санал хурааж дуусах өдрийг хүртэл зогсоож байгаа. 4 дүгээр сарын 28-аас 6 дугаар сарын 28 хүртэл гэсэн үг. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно гэсэн заалттай. 5 дугаар сарын 28-наар зогсооно гэсэн үг.

Ц.Элбэгдорж: Ж.Сүхбаатар, З.Энхболд гишүүн байна. Энхболд гишүүн чинь юуны дарга билээ?

З.Энхболд: Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хорооны дарга.

Ц.Элбэгдорж: Та хоёрт асуух зүйл байна уу? Алга  уу. Би хурууныхаа хээгээр миний мэдээлэл байна уу шалгамаар байна.

Л.Амарсанаа:
Дараа нь үзүүлнэ.

Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд хэлэхдээ “Амарсанаа дарга аа, миний гол хэлэх зүйл бол Иргэний бүртгэлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийг будлиангүй шударга явуулах явдал. Ингэхдээ  өмнөхөөсөө сургамж авч, 2009 оноос хойш Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд, бүртгэлийн газрын хүрээнд бүгд анхаарч ажилласнаар өнөөдрийн үр дүнд хүрч буй гэж бодож байгаа. Энэ үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар буруу ашиглах явдал байж болохгүй. Иргэд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Дээр нь үүрэг хүлээсэн байгууллагууд хяналт тавьж байгаа.

Ямар нэгэн буруу үйлдэл гарах юм уу, өмнө нь гарч байсан үйлдэл давтагдвал хуулиар хариуцлага хүлээдэг болсон. Тиймээс маш өндөр хариуцлагын асуудал байгаа. Үүнийг сайн ойлгоорой. Төр харах юмаа харж байгаа, хянах юмаа хянаж байгаа шүү. Сонгуулийг яг хуулийн дагуу, иргэний бүртгэлийн дагуу ямар нэг алдаа мадаггүй, хэл яриагүй явуулахад бид бүхэн анхаарах ёстой. Үүнийг яг толгойгоороо хариуцаж байгаа хүн бол Амарсанаа дарга та.

Тэгэхээр үүнийг үзэх гэж, энэ дээр Ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн иргэдээ хүртэл итгэл үнэмшил авах гэж л бид өнөөдөр танай байгууллага дээр ажиллаж байгаа шүү дээ. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороон дээр ярилцах нарийн ширийн зүйл байгаа. Яаж саналаа өгөх, сонгуулийн машин нь яаж ажиллах нь вэ гэхчлэн тэр бүхнийг Сонгуулийн ерөнхий хороон дээр очиж харъя гэж бодож байна.

Ирэх сонгуультай холбоотой хамгийн сүүлийн төрөөс гарах шийдвэр өнөөдөр УИХ-аас гарах юм байна гэж ойлголоо. Ингэснээр бүх асуудал шийдэгдэх боломжтой юм байна. Засгийн газраас хамгийн гол анхаарах зүйл бол миний харж байгаагаар сонгуулийн хэсгүүд дээр санал авах ажлыг хэвийн явуулах, тухайлбал цахилгаанаар хангах, утас холбоог нь байлгах. Энэ мэт зүйлүүдийг  анхаарах хэрэгтэйг хэлэх нь зүйтэй байх. Танилцуулга хийсэнд баярлалаа” гэв.

Л.Амарсанаа дарга “Бид хуулиар хүлээсэн үүргээ сайн ухамсарлаж байгаа. Үүнд төр засаг итгэлтэй байж болно гэж хэлмээр байна. Бүх зүйл иргэдийнхээ хяналтад байгаа” гэлээ.

Үүний дараа зарим хүмүүс, сэтгүүлчид хурууныхаа хээгээр өөр өөрийн мэдээллийг шалгаж үзлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж