Энэ үеэр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, байртай болсон гурван хүнд батламж, дурсгалын зүйл гардуулсан. Гэрээ байгуулсан эдгээр иргэн тун удалгүй байранд орох болсондоо сэтгэл өндөр буйгаа илэрхийлж байсан. Нээлттэй өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болон хувийн хэвшлийн компаниуд оролцож буй. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Нийслэлийн Авто замын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Төмөр замын газар, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, сэндвичин хавтан үйлдвэрлэгч “Basalt wool” компани, Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудыг дурдаж болно.
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласны дагуу энэ зүгт чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсний дүнд барилгын салбарт 6600 гаруй ажлын байр шинээр бий болгосон ажээ. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд нийт ес, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд барилгын зургаан мэргэжлээр 658 хүн суралцсанаас 204 нь ажлын байртай болсон гэх мэдээллийг салбар хариуцсан яамны зүгээс өгсөн юм.
Барилгын материалын чанар хангалтгүй байна
Харин сүүлийн жилүүдэд барилгын метр/кв-ын үнэ хэт хөөсрөлттэй байгааг энэ салбарынхан газрын болон барилгын материалын үнээс шууд хамааралтай хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл барилга, барилгын материалын чанарын талаар өдөрлөгт оролцож буй Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториос тодруулсан юм.
2011 онд шинжилгээнд хамрагдсан 8782 бетон сорьцын 20-30 хувь нь бетоны анги, маркандаа хүрэхгүй, цементийн 124 сорьцын 22 нь эзлэхүүний өөрчлөлт, гурав болон 28 хоногийн шахалт стандартын шаардлага хангахгүй байсныг шалгалтаар тогтоосон байна. Барилгын гол нэрийн материал болох тоосгоны чанарт шинжилгээ хийхэд дээж ирүүлсэн 15 байгууллагын тэн хагасынх нь тоосго хүйтэн тэсвэрлэлтийн итгэлцүүр муу байгааг тогтоожээ. Мөн 25 гаруй цонх үйлдвэрлэгчдэд буюу цонхны чанарт шалгалт хийхэд дулаан техинкийн үзүүлэлт, агаар, ус нэвтрүүлэх, салхины ачааллын эсэргүүцэл нь чанарын шаардлага хангахгүй байсан гэнэ.
Өдөрлөгийн үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж энэ салбарт дахь төрийн зохицуулалтын талаар дараах мэдээллийг өгсөн юм.
“Барилгын салбарт төрийн зүгээс газар чөлөөлөлт, дэд бүтэц байгуулах, хөрөнгө оруулалтыг зохицуулах үндсэн зохицуулалт хийж байна. Энэ жил дэд бүтцийн ажилд зориулж 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө суулгасан. Үүнээс хорооллын түвшинд баригдах барилгуудыг анхаарч байна. Үүнд эмнэлэг, цэцэрлэгийн асуудлыг мөн анхаарах хэрэгтэй байгаа. Урд нь эдгээр хот байгуулалтын эхлэл болох хорооллыг барихын тулд Засгийн газар болон орон нутгийн нэгж байгууллагууд өөрсдөө шийддэг байсан бол энэ жилээс УИХ-д оруулахаар болж байгаа нь илүү далайцтай болох нь.
Харин зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл буюу “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт ажлын хүрээнд өнөөдрийн түвшинд 1000 гаруй хүн зээлийн шаардлага хангаад байна. Зургаан хувийн хүүтэй зээл олгох ажлын хөрөнгө болох 200 тэрбум төгрөгийн бондын 50 тэрбум бонд нь ороод ирчихлээ. Бид үүнийг орон нутаг руу чиглүүлэх, идэвхжүүлэх хэрэгтэй байна. Барилгын материалын үнийн өсөлт нэгдүгээрт эрэлт, нийлүүлтийн зохистой харилцаа, хоёрдугаарт, гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй байгаагаас хамааралтай байгаа гэж хэлж болохоор байна. Ингэхдээ цемент, арматурын 70 хувийг гаднаас оруулж ирж байна. Энэ орон зайг нөхөх хэрэгтэй байна” гэсэн юм.
ЗГХА Төмөр замын газрын дарга Т.Батболд:
-Төмөр замын салбарт хийх хамгийн том ажил бол Тавантолгойн нүүрсний орд газраас гарсан төмөр зам барих тухай ажлыг хоёр чиглэлд зэрэг эхлүүлэх тухай шийдвэр гарчихлаа. Ингэхдээ Тавантолгойгоос Сайншанд хүртэл нийт 460 гаруй км, нөгөө чиглэлд таван толгойгоос 270 хүртэл км төмөр зам барих нь. Төрөөс тээврийн салбарт барьж буй бодлогын дагуу энэ зун 750 км төмөр зам барих ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ ажлыг гурван компанид концессын гэрээгээр байгуулахаар болсон юм.
Авто замын газрын Захиргаа, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Ууганбат:
-Улсын хэмжээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй замын ажлууд энэ оны онцлууштай том ажил. Зургаан аймгийн төвөөс нийслэл рүү чиглэсэн авто замын ажлын хөрөнгийг гаргаж санхүүжүүлэхээр боллоо. Одоогоор замын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтын шатандаа явж байна. Ер нь салбарын хэмжээнд энэ жил 346 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажил хийхээр төлөвлөөд байна.