Оюутнуудын шаардлагыг үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Оюутнуудын шаардлагыг үндэслэлгүй гэв

МУИС-ийн Оюутны холбоо, “Оюутан” конгрессоос Монголын Оюутны холбооны одоогийн явуулж буй үйл ажиллагаа, баримталж буй бодлого, хийж буй үйлдлүүд нь нийт 170 мянга гаруй оюутнуудынхаа эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, үйл ажиллагааныхаа чиглэлийг алдагдуулсан, хувийн ашиг сонирхолд тулгуурласан нам, улстөрийн бодлогод хутгасан хэмээн үзэж, Сангийн дэд сайд, МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуягт шаардлага хүргүүлнэ, улмаар 15.00 цагт МОХ-ны ерөнхийлөгчөөс шаардлагынхаа хариуг авна гэдгээ мэдэгдсэн билээ.

Энэ асуудлаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Бид эдгээр оюутныг үндэслэлгүй асуудлаар мэдээлэл хийсэн гэж үзэж байна. Учир нь 1000 оюутны байрыг барьж байгаа. Ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Мөн тэдгээр оюутнууд автобусны хөнгөлөлтийн карттай холбоотой 12 сая төгрөг нэхэмжилж байгаа. МУИС-ийн зүгээс оюутны мэдээллийн баазын мэдээллээ өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд өгөх ёстой байсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард өгсөн. Бид материалтай нь танилцаж байна. Мөн МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг энэ байгууллагыг тэргүүлэх ёсгүй гэсэн шаардлага тавьсан. Хуульд зааснаар захиргааны болон тусгай албаны ажилтан МОХ-г удирдахыг хориглосон байдаг. Гэтэл Ч.Ганхуяг нь улстөрийн ажилтан шүү дээ. Бид оюутнуудын тавьсан шаардлагын хариуг гаргачихаад хүлээгээд байж байна. Гэвч тэд цагтаа ирсэнгүй” гэв.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж