“Челси” аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Челси” аварга боллоо

Дэлхийд хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй Английн Премьер лигийн шийдвэрлэх тулаан өчигдөр болж, энэ улирлын аваргаар Лондонгийн “Челси” клуб тодорлоо. Улирлын тоглолт өндөрлөхөд ердөө ганц тоглолт дутуу байхад ганцхан онооны зөрүүтэй байсан лигийн гол төлөөлөгчид болох “Челси”, “МанЮ” нар өнгөрсөн шөнө тус тусынхаа талбайд ээлжит өрсөлдөгчөө хүлээн авсан бөгөөд хэдийгээр хоёул бахдам ялалт байгуулсан ч хөзөр “Челси”-гийн гарт байснаар тэд аваргын цом хүртэж чадсан юм.
Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болсон “Челси”, “Уиган Атлетик” нарын тоглолт 8:0 харьцаатай талбайн эздийн гайхамшигт ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын зургаа дахь минутад франц довтлогч Николя Анелька “супер” гоолын эзэн болж, цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн. Энэ улиралд нэг ч пеналти алдаагүй Фрэнк Лампард удалгүй торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулсан бөгөөд өрсөлдөгч багаас Гари Калдвелл улаан картаар торгуулж, талбайг орхисон юм. Тоглолтын эхний хагас өндөрлөж, сүүлийн 45 минут эхлэхэд “Цэнхрүүд”-ийн довтолгоо хүчирхэгжиж, өрсөлдөгчийнхөө хаалгыг зургаан гоолоор мялааж, бахдам ялалтаар улирлыг өндөрлүүллээ. Дидье Дрогба хет-трик хийж, дээр нь Анелька, Саломон Калу, Эшли Коул нар гоолджээ. Тоглолтын 63 дахь минутад орсон Дрогбагийн анхны, “Челси”-гийн тав дахь гоол тэдний хувьд энэ улирлын 100 дахь гоол байсан бөгөөд 1992 онд Премьер лигийн тэмцээн зохиогдох болсноос хойш энэ амжилтад хүрсэн анхны баг болсон юм.


Тоглолтын эхний хагаст торгуулийн цохилт гүйцэтгэх эрхийг дасгалжуулагч Лампардад өгсөнд Зааны ясан эрэгийн довтлогч илт дургүйцэж, гомдлоо ил тод байдлаар илэрхийлсэн. Учир нь тэрбээр 2009/10 оны улирлын шилдэг мэргэн буучид олгодог “Алтан шаахай”-ны төлөө “МанЮ” төдийгүй Английн шигшээ багийн гол хөдөлгүүр Уейн Рүүнитэй өрсөлдөж байсан юм. Тоглолтын дараа Анчелотти “Энэ миний шийдвэр байсан. Хэрэв пеналти цохих боломж гарвал Лампардад өгнө  гэж бодож байсан. Харин би Дидьед тайвширч, чимээгүй бай гэж хэлсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст түүнд гоолдох боломж хангалттай гарна шүү дээ. Би түүнд чимээгүй бай, чи хоёрдугаар хагаст гоол оруулж чадна гэж хэлсэн” гэжээ. Түүний хэлсэнчлэн Дрогба 63, 68, 80 дахь минутад гоолдож, хет-трик хийснээр энэ улиралд нийт 29 гоол оруулсан амжилтаар “Алтан шаахай”-ны эзэн болсон юм. Харин Лампард хамгийн олон буюу 17 гоолын дамжуулалт өгчээ.
Мөн энэ үеэр “Манчестер Юнайтед” Олд Траффорд цэнгэлдэхдээ “Стоук сити”-г хүлээн авч тоглон, 4:0 харьцаатай хожиж, үүргээ амжилттай биелүүлсэн. Гэхдээ тэд энэ улиралд нийт 85 оноо цуглуулж, “Цэнхрүүд”-ээс нэг онооны зөрүүтэй хоёрдугаарт бичигдлээ. Түүнчлэн “Арсенал” өнгөрсөн шөнө Эмират цэнгэлдэхэд “Фулхэм”-тэй тоглож, 4:0-ээр буулган авснаар лигийн гуравдугаар байраа хамгаалж чадсан юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтын дүн:

“Арсенал” 4:0 “Фулхэм”
“Астон Вилла” 0:1 “Блэкбурн”
“Болтон” 2:1 “Бирмингхэм”
“Барнли” 4:2 “Тоттенхэм
“Челси” 8:0 “Уиган”
“Эвертон” 1:0 “Портсмут
“Халл сити”0:0 “Ливерпуль
“МанЮ” 4:0 “Стоук”
“Уэст хэм” 1:1 “Ман сити”
“Вулвес” 2:1 “Сандерлэнд”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж