![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/9ba811be09e36805/7c205612d29adeb7big.jpg)
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд тусгаснаар төсвийн алдагдлыг ирэх онд хасах хоёр хувьтай байхаар тооцжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр төсвийг алдагдалгүй төлөвлөх ёстой. Ингэхгүй бол гадаад орчинд байдал амаргүй, эдийн засгийн уналт үргэлжилсээр байна. Тийм учраас Монгол Улс төсвөө алдагдалгүй төлөвлөх ёстой. Манайд инфляци өндөр байгаагийн бас нэг үзүүлэлт нь төсвийн байгууллагын зардлыг нэмсэнтэй холбоотой. Уг нь бодит эдийн засгийг дэмжвэл баялаг бий болж тэр хэрээр эдийн засгийн өсөлт хангагдах ёстой ч олсноо зөвхөн төсвийн байгууллагынхны зардалд эргүүлээд зарцуулахаар байгаа нь төсвийн төсөөллийг алдагдалгүй төлөвлөхөөс аргагүй байна гэж үзэж, цөөнх болсон юм. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжгүй болж чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийх шаардлагатай боллоо.
Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь улсын нэгдсэн төсвийн төсөлд хамаарахуйц чухал баримт бичиг. Гэвч тус байнгын хорооны хуралдаанд ердөө дөрвөн гишүүн оролцож хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Д.Зоригт нар, мөн тус байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар оролцлоо. Хуралд оролцох байнгын хорооны гишүүдийн ирц хангалтгүй байсан тул гишүүн Н.Батбаяр Сангийн сайд Д.Хаянхярваад хандан “Танай намын бүлгийн гишүүд хаачсан юм бэ, УИХ-ын сонгуульд ялагдах нь тодорхой гээд төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхэд оролцохгүй байгаа юм уу. Ардчилсан нам сонгуульд ялах болохоор төсвийн хүрээний мэдэгдлийг сайжруулах гээд ядах чадахаараа хэлэлцүүлэгт оролцоод байх шиг” гэж олонхийн бүлгийн гишүүдийг байхгүйг далимдуулж боломжийг ашиглан үг хэлж амжсан юм.
Г.ДАРЬ