Хүүхдийн баярын арга хэмжээ дүүрэг, хороо бүрт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярын арга хэмжээ дүүрэг, хороо бүрт болно

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд тохиодог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн холбогдох газар, агентлаг, дүүрэг хороодыг хамруулан тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ жилийн тухайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өмнөх жилүүдээс илүү онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөгөө гаргажээ. Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас боловсруулсан төлөвлөгөөг нийслэлийн дүүрэг, хорооны удирдлагуудад танилцуулж, удирдамж хүргүүлсэн байна.

Энэ жилийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Ингэхдээ эрүүл аюулгүй орчинд хүүхэд бүрт хүртээмжтэй, тэдний танин мэдэхүй, гоо зүйг хөгжүүлэх, гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа, тэмцээн, уралдаан зохион байгуулах аж. Онцлог нь нийслэлийн хэмжээнд нэг төвлөрсөн газарт бус, дүүрэг, хороо болгоны нутаг дэвсгэрт зургадугаар сарын 1-нд 11.00 цагт нэгэн зэрэг баярын арга хэмжээг эхлүүлэх гэнэ. Энэ нь хүүхдийг хөгжүүлэх төвшинд үйл ажиллагаа шинээр санаачилж, аюул осол, эрсдэл багатай тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой ажээ. Ингэснээр нийслэлийн хүүхдүүдийг нэг дор олноор нь цуглуулж, хүүхэд эцэг, эхээсээ төөрөх, гэмтэх зэрэг сөрөг нөлөө буурна гэж үзэж буй ажээ.

У.УРАНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж