АТГ-ын орон тоо, бүтцийг өргөжүүлэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

АТГ-ын орон тоо, бүтцийг өргөжүүлэхийг дэмжлээ

УИХ-ын сонгууль хоног хоногоор ойртон, намууд нэр дэвшигчдээ тодруулах өдөр хаяанд ирсэн нь эрхэм гишүүдийг тойргийнх нь зүг өөрийн эрхгүй хөтөлж, УИХ-ын хувьд хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн асуудлуудаа шуурхайлахаас аргагүйд хүрээд байна. Тиймээс чуулганы үдээс өмнөх хуралдаан нэлээд шуурхай явлаа.

Ямар ч байсан чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулахын өмнө  Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 75.6 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тавдугаар сарын 1-нээс эхэлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын бүтэц орон тоог шинэчлэх, бас өргөжүүлэх шаардлага тулгарч байна гэж тус газраас үзэн, дээрх төслийг мэдүүлсэн байна. Төсөлд зааснаар АТГ-ыг 145 албан хаагчтай байхаар заажээ. Эл хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй, тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 93.6 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсанаар УИХ-ын болоод НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд оролцох сонгогч нь одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхээрээ оролцох болж байна. Харин насанд хүрч, шинээр үнэмлэх авах хүсэлт гаргасан болон иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдийг сонгуулиас урьтаж цахим үнэмлэхээр хангахаар болж, ийнхүү хуульчлан баталгаажууллаа. Албан мэдээгээр шинээр иргэний үнэмлэх авах хийгээд үрэгдүүлсэн 64 мянган иргэн байна гэсэн судалгаа бий. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоо завсарласан бөгөөд үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж