Бичил уурхайчдыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Бичил уурхайчдыг дэмжив

Хувиараа
ашигт малтмал олборлогч гэж байх ёстой, ёсгүй гээд тус салбарын
мэргэжилтнүүд нь хүртэл мэтгэлцдэг. Эхэндээ “нинжа”, дараа нь ХАМО, одоо
бол бичил уурхайчин болсон нийгмийн бүхэл бүтэн давхарга Монголд бий
болоод арав гаруй жилийн нүүр үзэж буй юм. Үнэндээ тэд хаанаас ч юм бэ
гэв гэнэтхэн гарч ирээд, учир утгагүйгээр газар шороогоо сэндийчээд
эхэлсэн ч юм биш. Энэ хүмүүсийг нийгэм өөрөө бий болгосон. Ядуурал,
ажилгүйдэл ихсэх хэрээр “нинжа” гэгдэх хүмүүс олширсон бөгөөд мэдэхгүй
нэг нь тэднийг газар шороо ухаж, төнхсөн зэрлэг маягаар төсөөлөх үе ч
байсан. Гэтэл тэд бидний адил Монгол Улсын иргэн. Бас бидний л адил гэр
бүлээ тэжээх гэж зүтгэж яваа хүмүүс. Төрөөс мөнгө нэхэж гар хумхин
зүгээр суугаагүй харин ч боломжоороо зүтгэж ажилгүйдэл, ядуурлаас
ангижирч, төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлж байгаа юм. Гэвч энэ
хүмүүсийг зөвшөөрөлгүй газар ухлаа, ухсан газартаа нөхөн сэргээлт
хийсэнгүй гэхчлэн элдвээр харааж зэмлэхээс өөрөөр дэмжих нь ховор байв.

Харин
энэ асуудлыг шийдвэрлэхээр Щвейцарийн Хөгжлийн агентлаг 2005 оноос
Тогтвортой бичил уурхай төслийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гол нь
бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулж, хуультай дүрэмтэй, бас
хариуцлагатай болгох тал дээр анхаарч ажилласан юм. Гэхдээ Тогтвортой
бичил уурхай төсөл Монголын цөөхөн суманд үйл ажиллагаа явуулж байснаа
2010 онд бичил уурхайн журам батлагдсанаар өргөжиж, орон даяар уг
төслийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн. Тиймээс Тогтвортой бичил уурхайн
төсөлд бичил уурхайчдыг тэгш байдлаар хамруулж, зохион байгуултад
оруулах, аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах үйл
ажиллагааг нийтэд нь зохион байгуулж ирсэн байна. Гэхдээ төслийнхөн
бичил уурхайчдад бэлэн хоол ам руу нь халбагадаж өгөөд байхыг илүүд
үзээгүй. Өөрсдөө өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллах боломжоор нь
хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Тиймээс нөхөрлөл болон нэгдэж
хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдыг
санхүүгийн хувьд дэмжих зорилгоор жижиг төслийн сонгон шалгаруулалтыг
зарласан байна. Энэ удаа 11 аймгийн 19 сумаас жижиг төслийн 29 санал
ирүүлжээ. Тэдгээрээс шилж 19-д нь санхүүжилт олгохоор болжээ.

Шалгарсан
төслүүдэд санхүүжилтийг нь олгох гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр
Тогтвортой бичил уурхай төслийн байранд болсон юм. Уг ёслолд
Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв аймгийн бичил
уурхайчдын төлөөлөл цугласан байв. Тэд зөвхөн гэрээнд гарын үсэг зураад
зогсоогүй, төслийн зүгээс болон, төрийн байгууллагынхнаас бичил
уурхайчдад хэрэгтэй олон мэдээллийг авч, тулгар ч буй хүрдрэл
бэрхшээлтэй асуудлуудаа ярьж байсан. Тухайлбал, нийгмийн халамж,
анхаарлын гадна үлддэг, аюулгүй ажиллагааны хамгаалалт багаж хэрэгсэл
байдаггүй, хэдийгээр хуулиар шийдвэрлэхээр заасан ч газрын асуудал
хүндрэлтэй байдгийг дуулгасан.

36 ТАЛБАЙД ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ХҮСЭЛТ ИРСЭН


Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Н.Нямцэндтэй уулзлаа.


-Бичил
уурхайчдад газрын асуудал хамгийн хүндрэлтэй ч гэж ярьж байна.
Танайхаас олборлох газрынх нь дүгнэлтийг гаргуулах ёстой гэсэн. Ямар
зохицуулалтаар яаж дүгнэлт гаргадаг юм бэ?

-Тухайн орон
нутгийн засаг захиргааны байгууллагаас манайд олборлолт хийж болох эсэх
дээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг албан бичгээр ирүүлдэг. Тэр хүсэлтийн
дагуу бид ирүүлсэн солбицлынх нь дагуу уг газрыг шүүж үзээд үнэхээр
тусгай зөвшөөрлийн давхцалтай эсэхийг шалгадаг. Түүнээс гадна геологийн
мэдээллийн сангаас судалгааны тайланг нягталж ямар нэгэн орд уу, илрэц
үү гэдгийг тогтоож байж тухайн газарт нь дүгнэлт гаргадаг.

-Хэчнээн газраас ийм хүсэлт ирүүлсэн бэ?

-Одоогийн
байдлаар 36 талбайд дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлсэн. Түүнээс 16-д нь
боломжтой гэсэн дүгнэлт гаргаад байна. Мөн дүгнэлт гаргуулахаар хүлээж
байгаа гурван газар байгаа. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт
зөвшөөрөл хүссэн газарт хэдийгээр боломжтой гэсэн дүгнэлт гарсан ч
тухайн аймагт олборлолт их байна гэсний дагуу түр хүлээгдэж байгаа.

-Хувиараа ашигт малтмал олборлодог хүмүүсийн нарийн тоо байдаг уу?

-Тэр
талаар яг нарийн тоо байдаггүй. Ямар ч байгууллага нарийн мэддэггүй юм.
Энэ нь улирлын чанартай хувьсан өөрчлөгдөж байдаг учраас тодорхой
гаргах боломжгүй юм билээ. Тухайлбал, өвөлд цөөрч, зун нэмэгдчихдэг.
Оюутнууд хүртэл зуныхаа амралтаар сургалтын төлбөрөө олох гээд алт
ухахаар ах дүү, найз нөхдөөрөө нэгддэг юм.

М.УЯНГА
“ӨДРИЙН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж