![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Эрчим хүчний үр ашиг II төсөл"-ийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Эрчим хүчний үр ашиг төслөөр 8,5 сая евро, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслөөр 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг тус тус авах аж.
Уг асуудлаар санал гаргах, үг хэлэх гишүүн байсангүй. Хуулийг соёрхон батлах тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг гишүүдийн 80 хувь дэмжин баталсан юм.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гэмтэл согогийн шинэ эмнэлэг барих хөрөнгийг түүнд тусгажээ. Зээл хэрэгжүүлэх хугацаа 20 жил, хүү нь 0,73 хувь юм байна. Хуулийг гишүүдийн 77,8 хувийн саналаар соёрхон баталлаа.
Одоо Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.