NBA-гийн “Индиана Пейсерс” багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Ларри Бёрд 2011-2012 оны улирлын шилдэг менежерээр тодорлоо. Тэрбээр энэ улиралд бага мөнгөөр сайн баг бүрдүүлж чадсан нь шагнал хүртэх үндэсэн болсон юм. Бёрд 88 оноогоор тэргүүлж, “Сан-Антонио”-гийн Р.Сей.Буфорд 56, “Клипперз”-ийн Нейл Олшей 55, “Чикаго”-гийн Гар Форман 16, “Юта”-гийн Кевин О’Коннор 10 оноогоор удаалжээ. Улирлын өмнө хүчний довтлогч Дэвид Уэст, холбон тоглогч Жорж Хилл нараар хүчээ зузаатгасан “Индиана Пэйсерс” 2011-2012 оны улирлын тоглолтод 42 ялж, 24 хожигдож, “Дорнод”-ын гуравдугаар байраар шалгарсан. Улмаар плей-оффын эхний шатанд “Орландо Мэжик”-ийг 4:1-ээр сөхрүүлж, “Майами Хит”-тэй бүсийнхээ хагас шигшээд өрсөлдж байгаа юм. Өдгөө 56 настай Ларри Бёрд 1998 онд шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэж байв.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин