”Нэгэнт төлсөн даатгалыг хүчингүй болгохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

”Нэгэнт төлсөн даатгалыг хүчингүй болгохгүй”

Сайн дураараа нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ч энэ тал дээр анхаарч, дорвитой ажил явуулсаар байгаа. Гэхдээ энэ бүхний хажуугаар зарим нэг буруу ойлголтууд ч гардаг.

Тэгвэл сайн дурын нийгмийн даатгал гэж юу болох, хэрхэн даатгалд хамрагдаx талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлого хэрэгжилт, төлөвлөлтийн газрын эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас тодрууллаа.

-Сайн дураараа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа хүмүүс ямар журмаар шимтгэлээ төлдөг юм бол?

-Нийгмийн даатгал заавал даатгал, сайн дурын даатгал гэсэн хоёр хэлбэртэй. Заавал даатгалыг хүмүүс мэдэж байгаа байх. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа бүх хүн нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой. Жишээлбэл, аль нэг сонинд хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа хүн заавал даатгалд хамрагдана гэсэн үг.

Харин ажилгүй байгаа, хувиараа бизнес эрхэлдэг, малчин иргэд сайн дурын даатгалд даатгуулах эрх нь хуулийн дагуу нээлттэй. Хэрвээ даатгалд хамрагдахыг хүсвэл харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандаад, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй байсан бол дэвтрээ авч очно. Дэвтэргүй нь шинээр нээлгэнэ. Тэгээд шимтгэлийнхээ мөнгийг авч очих ёстой.

Үүний дараа гэрээ байгуулаад, тухайн иргэн шимтгэлээ cap сараар уу, улирлаар уу, жилээр төлөх уу гэдгээ тухайн өөрөө сонгоно. Зарим хүмүүс жилээр төлөх сонирхолтой байдаг. Жишээ нь, гадаад руу явах гэж байгаа хүмүүс жилээр төлөх сонирхолтой байдаг. Зарим нь бага орлого олдог учраас cap сараар төлнө гэдэг юм. Хувь хүнээсээ л хамаарна.

-Нийгмийн даатгалын шимтгэлд төлөх мөнгийг яаж тооцох вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхаар бодож нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой. Гэхдээ 12 хувиар төлдөг юм. Тэгэхээр нийтдээ 17 орчим мянган төгрөг сард төлдөг юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үеэр гардаг асуудал нь юу вэ гэхээр, хүмүүс мөнгөө төлөөд явж байгаад дундуур нь тасалдуулдаг. Түүнийхээ дараа манайд хандаж, нөхөж төлнө гэсэн асуудал тавьдаг. Гэтэл гэрээнд бол cap сардаа төлнө гэж заасан байдаг учраас нөхнө гэсэн ойлголт байхгүй. Үүнээс өөр асуудал нэг их гардаггүй дээ.

-Жилээр төлнө гэсэн гэрээ хийсэн тохиолдолд аль ч үед нийгмийн даатгалын шимтгэлээ өгч болно биз дээ. Эсвэл тодорхой хугацаа заасан байдаг уу?

-Нэг хүн тавдугаар сарын 20-ны өдөр ажлаасаа гарсан гэж бодъё. Тэгэхээр зургадугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлээ яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр зургадугаар сарын 1-нд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст очоод гэрээ байгуулаад, шимтгэлээ төлж болно. Хэрвээ жилээр гэрээ байгуулбал аль ч үед очоод шимтгэлээ төлчихөж болох юм.

-Ямар ч маягаар гэрээ байгуулсан өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хүчингүй болгоно гэсэн ойлголт байхгүй биз дээ. Хөдөө орон нутагт энэ сарын 27-ны дотор нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй бол оны эхээр төлсөн мөнгийг нь хүчингүйд тооцно гэсэн юм ярьсан байна билээ?

-Тухайн иргэн дөрөвдүгээр сард сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаад, дөрөв, тавдугаар сард шимтгэлээ төлсөн гэж бодъё. Манай байцаагчид тамгаа дараад, гарын үсгээ зураад, баталгаажуулаад өгдөг. Нэгэнт ийм маягаар баталгааждаг учраас хүчингүй болохгүй. Төлсөн мөнгө нь өөрийнх нь нэрийн дансанд ороод, программд бүртгэгдээд явдаг.

Тиймээс хэн нэгэн хүчингүй болгоно гэсэн асуудал байхгүй. Хэрвээ ямар нэг байдлаар ийм асуудал гараад байна гэж тухайн иргэн үзэх юм бол Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт өргөдлөө өгөөд шалгуулж болно.

-"Нарантуул" зах дээр наймаа хийж байгаа иргэдээс эхлээд зарим хүмүүс биднийг нийгмийн даатгалд хамруулсангүй гэж яриад байдаг. Уг нь тэд сайн дураараа даатгалд хамрагдах боломжтой шүү дээ. Гэхдээ сайн дурын даатгалыг эрчимжүүлэх тал дээр танай зүгээс ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Нийгмийн даатгалын Ерөнхий газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Бид хууль сурталчилах, хамралтаа нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь олгох ёстой. Тэр дундаа нэг чухал ажил бол сайн дураараа даатгуулагчдийн тоог өсгөх.

Зөвхөн "Нарантуул" гэлтгүй бусад зах, хувиараа бизнес эрхлэгчид, малчдыг даатгалд хамруулах ажлыг жил болгон хийдэг. Манай хийдэг гол ажлын нэг юм. Тэр утгаараа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт сайн дурын даатгалыг идэвхжүүлж ажиллах 1-2 байцаагч байдаг. Зарим газарт гурван байцаагч байгаа. Долоо хоногт хоёр өдөр гадуур заавал явдаг. Сурталчилгаа хийнэ, даатгалын хамралтыг нэмэгдүүлдэг.

Энэ оныг бид "Даатгуулагч таны төлөө" жил болгон зарласан. Тийм болохоор бүр илүү хичээн ажиллаж байна. Тэр утгаараа Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын орон тоог нэмэгдүүлээд, нэг байцаагчийг "Нарантуул" зах дээр сууж ажилладаг болгосон. Нийгмийн даатгалын хэлтсийн нэг байр тэнд байгаа. Тэгэхээр "Нарантуул" зах дээр ажиллаж байгаа иргэд ийшээ, тийшээ явахгүйгээр тэнд байгаа салбарт очиж, гэрээгээ байгуулаад, шимтгэлээ төлөөд явж болно. Иргэд өөрсдөө хичээх юм бол болно шүү дээ.

-Зарим аж ахуйн нэгжүүд ажилчдаасаа нийгмийн даатгал төлнө гэж мөнгө хураадаг мөртлөө дэвтрийг нь бөглөөгүй гэсэн зөрчил гардаг. Тэр дундаа түр хугацаанд ажилласан хүмүүсийг энэ маягаар хохироох асуудал байгаа. Энэ тал дээр ямар хяналт тавьдаг юм бол?

-Ийм зуршил их биш юмаа гэхэд бага биш гардаг. Гэхдээ сүүлийн үед байгууллагууд хууль дүрмээ сайн дагадаг болсон. Тэр утгаараа ийм асуудал багасч байгаа. Энэ асуудал, дээр иргэд өөрсдөө сайн анхаарах хэрэгтэй байна. Хүмүүс өөрийнхөө төлөө төлж байгаа мөнгө шүү дээ энэ чинь. Тийм болохоор төлж байгаа даатгал нь баталгаажиж байна уу, төлөгдсөн үү гэдгийг иргэд өөрсдөө хянах ёстой.

Хэрвээ мөнгийг нь хурааж авчихаад цааш нь төлөөгүй, дэвтрийг нь бөглөөгүй асуудал гарах юм бол харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст шууд хандах хэрэгтэй. Үгүй бол Нийслэлийн, эсвэл Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргах хэрэгтэй. Манай улсын байцаагчид очоод шалгаад, акт тавиад, нөхөн төлүүлнэ. Хэрвээ тухайн хүний мөнгийг авчихаад нийгмийн даатгалыг нь төлөөгүй байхад гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш ерөөсөө төлөөгүй байвал нөхөн төлүүлнэ гэсэн юм байхгүй шүү дээ.

Н.Пунцагболд

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж