Саналын томъёоллоор санал хураав

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Саналын томъёоллоор санал хураав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналын томъёоллуудаар санал хураалгав. Төсөлд зарчмын зөрүүтэй 40 гаруй саналын томьёолол болон найруулгын чанартай хэд хэдэн санал байсныг УИХ-ын дарга нэгбүрчлэн сонсгож, гишүүд саналаа өглөө.

Шүүхийн захиргааны бүрэн эрх, шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагааны зарчим, шүүх засаглалыг засаглалынх нь хувьд бие даасан байдлыг нь хангах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг эдгээрт тусгасан байна. Хуулийн заалтуудаас цэг, таслал нэмэх хасах, үгийн байрлал солих зэрэг саналууд эдгээрийн дотор цөөнгүй байлаа. Тухайлбал, “шүүгч, шүүгчид хувийн харилцаанд орохгүй байх” гэснийг “хувийн харилдцаа тогтоохгүй байх” болгон өөрчлөх зэргээр санал хураалт явууллаа.

Санал хураалтын дараа төслийг Хууль зүйн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Одоо Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж байна. Түүгээр мөн саналын зөрүүтэй томъёоллуудаар санал хураах юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж