-“Камертон 2” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо?
-Хоёрдугаар шатны анхны дугаараа өлгийдөн авлаа. Цаашид улам гоё болох болно. Оролцогчид маань сайжирсан байгаа. Ер нь хоёрдугаар шатанд эдгээр хүүхдүүдийг үлдээсэндээ шүүгчдийн зүгээс сэтгэл хангалуун байгаа. Хамгийн гол нь оролцогчид маань Дорж гэж хэн бэ?, Батаа гэж хэн бэ?, Ганаа гэж хэн бэ? гэдгийг үзүүлж чадаж байна. Би цор ганц шүү гэдгээ мэдрүүлж, өөр өөрсдийнхөө онцлогийг харуулж чадаж байгаа нь бидэнд урам зориг өгч, цаашид ажиллах эрч хүч бэлэглэж байна.
-Хоёрдугаар шатанд зөвхөн “Монгол дуу дуулна” гэдэг маш зөв сонголт болсон шиг санагдаж байна. Шүүгчдийн хувьд хариуцлага улам чангарч байна уу?
-Ер нь 1960-1990 оны дуунууд гэхээр мэдээж социализмын үеийн дуунууд орж байгаа. Тэр үеийн сайхан уран бүтээл зөндөө бий. Хэзээ ч хуучирдаггүй, дахин давтагдашгүй, үргэлж чихэнд сонсогдож, өөрийн эрхгүй аялагдаж байдаг дуунуудыг сонгож, төгөлдөр хууртай дуулуулсан. Яагаад гэвэл одоогийн залуус тэр үеийн эстрад, рок попын энэ сайхан дуунуудыг мэдэхгүй байна. Бид ахмад үеэсээ суралцаж байж л цаашаа явна. Тийм учраас Монголын рок, поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн төлөөлөл болсон эрхэм хүндтэй ах нар маань зочин шүүгчээр оролцож байгаа. Ямар гоё дуунууд байдгийг мэдүүлье, мэдрүүлье гэж зорьсон. Тэгээд ч бидний сонголт зөв байж гэдэг нь харагдлаа. Оролцогчид дуугаа яг өөрийнхөөрөө маш гоё болгож орж ирж байна. Монгол дуугаа сайн дуулж сурж байж, гадаад дууг дуулж сурна гэсэн байр суурийг баримталж байгаа. Нэгдүгээр шатанд гадаад дуу дуулаад тэнцчихсэн оролцогчид хоёрдугаар шатанд Монгол дуугаа жаахан тааруухан дуулж байгаа тал анзаарагдсан. Оролцогчдын зүгээс “Монгол дуу их өргөн утга агуулгатай, аялгуулаг, сонсголонтой юм байна, ер нь монгол дуу дуулахад хэцүү байна” гэж хэлж байсан. Бид үүнийг нь мэдэж байсан ч зориуд дуулуулсан. Гэхдээ хоёрдугаар шатанд оролцогчид харьцангуй чанаржиж байгаа нь гурав, дөрөвдүгээр шатанд шалгаруулалт явуулж, оролцогчдыг хасна гэдэг шүүчдийн хувьд нэлээд хэцүү болох байх.
-700 гаруй оролцогчоос тунаж үлдэж, хоёрдугаар шатанд орно гэдэг том амжилт. Оролцогчдодоо хандаж юу хэлмээр байна вэ?
-“Камертон 2” шоуны оролцогчдодоо өөртөө итгэлтэй, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, дэвэрсэн сэтгэлээр орж ирж, биднийг болон үзэгчдээ баясгаарай. Дуугаа дуучны хэмжээнд дуулж биднийг уйлуулаасай, инээлгээсэй, бидэнд маш гоё эрч хүч, энерги өгөөсэй гэж хүсч байна. Гэхдээ ялангуяа Ган-Эрдэнэд шүү /инээв/.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.