
Сүүлийн үед Филиппиний сонгуульд ашигласан машин гэж Канадын компанийн машины тухай худлаа яриа их гарах боллоо. Харин Филиппний “Смарт матик” компани өнгөрсөн жил сонгуулийн бүртгэл болоод тоолох ажиллагааг бүрэн хийх иж бүрэн системийг СЕХ-нд танилцуулсан. Тэд зарим туршилт хийж, хамгийн бага үнэ санал болгосон боловч СЕХ сонгоогүй. Өөр зүйл сонгосныг гайхаад л хоцрохоос өөр яах вэ. Филиппинийн компанийн машиныг цөөнгүй улс сонгуульдаа ашигласан туршлагатайг анзаарвал дажгүй эд байж болох.
Санаа зовоох юм үүгээр дуусахгүй. Тухайлбал, санал тоолох машин, сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэлийн машин хоёр хоорондоо холбогдоогүй гэсэн мэдээлэл байна. Хэрэв бүртгэл будилбал сонгууль будилна. Энэ бол зөгнөл биш үнэн. Дугаар хорооны иргэн Дорж саналаа өгөх гэтэл хэн нэгэн Дугар өмнөөс нь өгвөл яах вэ. Хэдэн сарын өмнө иргэдээс илүү ухаантай иргэний үнэмлэх гаргана гэсэн нь худал болсон. Гэтэл сүүлийн үед бүртгэлийг хурууны хээгээр нь баталгаажуулна гэх боллоо. Монгол Улс иргэдээ бүртгэсэн нь үнэндээ 21 мянгыг авах гэсэн ядуу амьдрал дээр нь тоглолт хийсэн хэрэг. Хэн нэгний хурууны хээ хувийн нууц. Тэгвэл сонгуульд санал өгөхийн тулд хуруугаа сарвайтал гарга гэх нь хүний эрхэнд халдаж буй хэрэг биш үү. Тэгээд ч хурууны хээг таниулах гээд байгаа машин 100 хувь алдаагүй ажиллах боломжгүй. Баталгаат ажиллагаа нь 80-90 орчим хувьтай гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Тэгэхээр бүдүүлэг бололтой.
Түүнээс гадна нэг тойрог дээр нэг машин ажиллуулна гэж СЕХ мэдэгдсэн. Тэгвэл өдөржин ажиллах машин эвдэрвэл яах вэ. Санал тоолох машиныг туршиж үзээгүй зөвхөн шалгасан шүү дээ. Ямар ч сайн техникийг туршиж шалгаж байж ажиллуулдаг биздээ. Наад зах нь, сканер, принтер удаан ажиллахаар халдаг. Цахилгаан тасарвал яах вэ, тоос шороо ороод гацвал хэн өмнөөс нь хариуцлага хүлээх вэ. Яагаад хоёр машин тавьж болохгүй гэж. Нэг нь нөөцөнд байг л дээ, юмыг яаж мэдэх вэ.
СЕХ-ны даргын ярьснаар, программ хангамжийг хийж байгаа учир турших боломжгүй гэнэ билээ. Тэгэхээр сонгууль туршилт болох нь гарцаагүй.
Сонгуулийн автоматжуулсан систем гэж амаа хаттал ярьсан дарга нарын ажил зуун задгай жаран хагархай байгаа нь энэ биш үү. Монголчууд 20 жил сонгууль хийх гэж хөглөж будилсан. Булхай луйвар, айдас түгшүүр нүүрлэх болсныг СЕХ-ныхон мартаагүй байлтай. Юутай ч дарга нар Канадын машиныг АНУ-ынх гэж будиллаа. Уг машинаар сонгууль хийсэн туршлага аль ч улсад байхгүй, энэ талаархи мэдээлэл одоохондоо олдсонгүй. Баттай эх сурвалжаа авсан мэдээллээр хөгжилтэй улс оронд жилийн өмнө сонгуулийн бүртгэл хийх, санал тоолох машиныг туршиж бэлддэг юм байна.
Голланд улс гэхэд ирэх аравдугаар сард болох сонгуульд ашиглах машинаа аль хэдийнэ туршиж бэлэн болгожээ. Тэд манай дарга нарын таашаалд нийцээгүй Филиппиний “Смарт матик” машиныг сонгожээ. СЕХ-ныхны автомат машин оруулж ирнэ, сонгуулийг ямар ч будилах юмгүй хийнэ гэж уйдтал ярьсных нь үр дүнг харах л үлдлээ. Уг нь СЕХ-ныхон сонгуулийн санал тоолох, бүртгэх машин худалдаж авна гээд ярьж эхлэхэд нь автоматжуулалтын мэргэжлийн компаниас “Сонгуулийн бүх менежментийг хийж өгье, нэг тойрог дээр хоёр машин байрлуулья. Зардал нь зургаан сая орчим доллар болно, түүнээс ч бага мөнгөөр хийж болох юм” гэсэн санал тавьсан юм билээ. Харамсалтай нь, СЕХ үүнийг үл тоомсорлон 1200 долларын машиныг 3200 доллараар үнэ цохиж авсан сурагтай. Бүртгэл будилуулахад сонгууль будилдаг. Гэтэл сонгуулиас хэдхэн сарын өмнө Улсын бүртгэлийн газрын даргыг сольж баахан бужигнуулсан. Шинэ дарга гарч ирээд л иргэний бүртгэлийг сайжруулна ч гэх шиг. Бас СЕХ-ны ажлын хэсгийн гишүүн, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн технологи хариуцсан дарга Чинбат сонгуулийн автомажуулалтад “Монгол талаасаа нэгдүгээр хүн нь” гэж дуулдана. Тэр хүн ямар программист вэ, компьютер дээр ажилладаг хэдэн мянган хүнээс хэр илүүрхэх юм бол гэдгийг тааж мэдэшгүй. Монголын төрийн эрхийг хэнд атгуулах вэ гэдэг сонголтын өмнө ирсэн сонгогчид автомат машинд эргэлзэж байна. Сонгуулийн ажил эхнээсээ ээдрээтэй байгааг харахад эцэстээ будилахгүй гэж итгэх арга алга. Монголчуудыг сонгуулийн бурхан ивээнэ гэж найдъя.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин