Мичиган мужийн Анн Арбор хотын авто замын ойролцоо Хаитигийн нийслэл Поро Пренст байдаг шиг майхан хот үүсчээ. Эндхийн оршин суугчид улаан лоолийн шөлөөр голоо зогоож, жижигхэн лаазанд гал түлэн хүйтнээс хамгаалах аядана.
Яг одоогийн байдлаар АНУ-ын янз бүрийн мужуудад 55 майхан "хот" байгаа гэсэн мэдээллийг Хиллари Андерсон олж мэдсэн байна. Флоридад орших нэг ийм хотхонд 300 гаруй өрх амьдардаг бол Нью Жерси, Портлэндэд бас үүнээс дутахгүй олон хүнтэй майхан хотхон байдаг аж.
Албан мэдээнд өгүүлснээр одоо 47 сая америкчууд ядуурлын босгон дээр байгаа аж. Энэ бол нийт хүн амынх нь 20 шахам хувь юм. Ажилгүйдэл нэмэгдсэн сүулийн хэдхэн жилийн дотор л ийм байдалд хүрсэн байна. Анн Арборын майхан хотхоны нэг оршин суугч 23 настай Алан Герингер "Манай майханд хөгц хаа сайгүй байна. Унтаж байгаа дэвсгэрээсээ эхлээд бүх юм хөгцөнд идэгдсэн. Эгээтэй л өөрсдөө хөгцөрчихсөнгүй өвлийг авлаа" хэмээн ярьжээ.
Эдийн засгийн таагүй байдал үргэлжилсээр байгаа учир майхан хотхон өдрөөс өдөрт тэлж байна. Анн Арборын майхан хотхоны зохион байгуулагч Брайан Дюранс "Өнгөрсөн шөнө над руу утасдаж, 5-6 хүн ирнэ гэж хэллээ. Ердийн байгаа нь л энэ. Ер нь өдөр болгон 9-10 удаа утас дуугарна шүү. Дандаа л хүн нэмэгдэх тухай" гэж ярьсан байна. Иймэрхүү дуудлагын ихэнх нь цагдаагийн газар буюу эмнэлгээс байх нь элбэг. Гэмт халдлагад өртсөн буюу өвчилсөн орон гэргүй хүнийг шууд гаргаад хаячихаж түвдэлгүй ийшээ ханддаг аж.
Төрийн бус байгууллагууд ядуусыг төлөөлж Мичиганы мэрийн орлогч Брайан Каллид энэ талаар асуулга тавьдаг ч бичгийг нь ширээнийхээ шүүгээнд хийгээд мартчихдаг гэнэ. Америкт ч хүнд суртал байна гэнэ. Бүр яаж ч шаардаад ямар ч хариу өгдөггүй ажээ.
АНУ-д одоогийн байдлаар 50000 гаруй хүн майхан хотхонд амьдарч байгаа гэсэн тоо байдаг юм байна. Хамгийн том нь Флорида мужийн /Диснейлэнд байдаг гэдгээр нь дэлхий нийт мэддэг/ Pinella"s Hope бөгөөд 13 га газрыг эзэгнэжээ. Энд хэдэн мянган хүн өдөр бүр янз бүрийн сургалт, номлол зэргийг сонсч, ажил олдоно гэж найдан өдөр хоногайг өнгөрөөж байгаа юм байна.
Одоогийн байдлаар АНУ-д ажилгүйдлийн төвшин 1930-аад оны үед хүрээд байгаа бөгөөд 1982 онд л хэсэг хугацаанд ихэссэнийг эс тооцвол хэзээ ч өнөөдрийх шиг байгаагүй аж. Өнөөдөр Америкт 13 сая хүн ажилгүй байгаа нь Б.Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдож байх үеэс гурван саяар нэмэгдсэн гэсэн уг аж. Эдгээр хүмүүсийн ихэнхийг майхан хотхоны оршин суугч болох хувь заяа угтаж байгаа юм.