“Боснийн яргачин”-ыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Боснийн яргачин”-ыг шүүх хурал хойшлов

Гаагийн олон улсын гэмт хэргийн шүүхэд лхагва гаригт эхэлсэн Боснийн дайны гэмт хэрэгтэн, лалын шашинт олон мянган иргэдийг хоморголон устгасан Сербийн генерал Радко Младичийг шүүх хурал нотлох баримттай холбоотой маргаанаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Радко Младичийн эсрэг прокурорын цуглуулсан нотлох баримтыг шүүх хангалтгүй гэж үзэж, шүүх хурлыг хойшлуулсан гэж Гаагийн шүүхийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ. Боснийн дайны хохирогчдын удаан хүлээсэн шүүх хурал уржигдар эхэлсэн ч ердөө нэг хоногийн дараа ийнхүү хойшлогджээ. Прокурорууд Радко Младичид Сребренька тосгоны лалын шашинт 8000 шахам эрчүүд, хөвгүүдийг хоморголон устгасан цуст хядлагын гол буруутан гэж үзэж, ял төлөвлөж байгаа юм. Гэвч Младичийн өмгөөлөгчид түүнийг дээрх хэрэгт холбоотойг нотлох баримт хангалтгүй гэж үзжээ. Сербийн армийн командлагч байсан Радко Младичийг баривчлах гэж Олон улсын шүүх 15 жил мөрдөж, өнгөрсөн онд баривчилсан билээ.

Югослав улсыг задруулсан цуст иргэний дайны үед лалын шашинт иргэдийг хоморголон устгаж, угсаатны цэвэрлэгээ явуулахаар зорьж байсан Радко Младичийг шударга шүүхээр шүүхийг үзэх энэ өдрийг дайны хохирогчид удаан хүлээсэн билээ.

Лхагва гаригт эхэлсэн шүүх хурлын үеэр генерал Радко Младич огтхон ч гэмшсэн янзгүй, тэр бүү хэл шүүх танхимд байсан хохирогчдыг заналхийлсэн харцаар харж байсан гэнэ. Генерал Радко Младич шүүх хурлын эхний өдөр Боснид угсаатны цэвэрлэгээ хийх гэж байснаа хүлээх зөвшөөрч, ийн ярьж байхдаа шүүх танхимд байсан хохирогчид руу хандан, хоолойг нь хэрчих мэт үйлдэл үзүүлсэн аж. 1992-1995 оны Боснийн дайны үеэр олон мянган хүнийг хоморголон устгаж, аллага, хүчирхийлэл, мөрдлөг, хавчлага явуулсан “Боснийн яргачин” хэмээх генерал Радко Младичд прокурорууд 11 төрлийн ял тулгаж байгаа юм.

Нидерландын Гааг хотод болсон хуучин Югославын дайны гэмт хэргийг шүүх шүүх хурлын эхний өдөр шүүх байрны үүдэнд дайны хохирогчид, тэдний ар гэрийнхэн цугларсан юм. Шүүх хурал эхэлсэн лхагва гаригт прокурор Дермот Грум дайны гэмт хэрэгтэн Радко Младичийн эсрэг нотлох баримтуудыг дэлгэхдээ Боснийн дайны зорилго угсаатны цэвэрлэгээ явуулах биш, Боснийн Сербийн ноёрхлыг тогтооход оршиж байсан хэмээжээ. Прокурорууд олон угсаатны орон Боснид Радко Младич цэргийн хүчээр ноёрхлоо тогтоохоор аймшигтай хэрцгий аллага явуулсныг нотлохыг зорьж байгаа юм. Дермот Грумын мэдэгдсэнээр Боснийн иргэний дайны гол зэвсэг нь хүчирхийлэл байжээ. Боснийн армийн цэргүүд лалын шашинт эрчүүд, хөвгүүдийг хоморголон устгаж, эмэгтэйчүүдийг нь гэр бүлийнх нь нүдэн дээр ээлжлэн хүчирхийлсэн гэдэг. Дайны тэр аймшигт гэмт хэргүүдийн талаар мэдүүлэг өгөх хохирогч гэрчүүдийг шүүх хуралд дуудах бөгөөд шүүх хурал хэдэн сар ч үргэлжилж магадгүй аж. Боснийн иргэний дайн дуусахад 1995 онд Сербээс дүрвэн гарсан Радко Младич 16 жил хууль сахиулагчдаас зугатаж, нуугдсан билээ. Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Сербийн хойд хэсэг дэх бөглүү газар орогнож байхад нь баривчилсан юм.

Мөрдөгчид түүнийг фермерийн зооринд бүгэж байсныг тогтоосон билээ. Югослав улсыг задрахын өмнө Младич армид ихээхэн нэр хүндтэй байсан юм. 1991 онд Хорваттай дайтахад тэрбээр Сербийн армийн тэргүүн шугамд явжээ. Нэг жил үргэлжилсэн дайнаас эргэж очиход Радко Младичийн Сербүүд ардын баатар хэмээн угтаж авсан байдаг. 1992 онд Боснийн Сербийн улс төрийн лидерүүд түүнийг лалын шашинтнууд руу турхирсан юм. Радко Младич армиа Сараево хот руу хөдөлгөж, хотыг дэлхийгээс тусгаарласан билээ. Хотыг хоёр жил бүслэх үедээ Сербийн цэргүүд Сараево хотын 10,000 гаруй оршин суугчийг хүйс тэмтэрсэн юм. Олон улсын ажиглагчид Сирийн бослого хөдөлгөөний голомт болсон Хомс хотыг Сараево хоттой одоо зүйрлэх болсон юм. Боснийн дайн дуусах үед 1995 оны намар Младич тус улсаас дүрвэн гарсан байдаг. Цуст иргэний дайны гол буруутан Боснийн Сербийн лидер Радован Каражичийг 2008 онд баривчилсан юм. Харин 2001 онд баривчлагдсан Сербийн ерөнхийлөгч байсан Слобадан Милошевич шоронд ял эдэлж нас баржээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж