Д.Болдбаатар “Дакар ралли”-д уралдана

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар “Дакар ралли”-д уралдана

Монголын мото спортын тамирчид алдарт “Дакар ралли”-д уралдах гэж буй тухай таатай мэдээ спорт сонирхогчдодоо дуулгая. Жил бүрийн эхээр Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт зохион байгуулдаг “Дакар ралли”-гийн бартаат замд, мотоциклийн ангилалд ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Н.Лхамаа нар хурд хүч сорих гэж байна.

“Дакар ралли” өндөрлөмөгц зохион байгуулагчдын зүгээс дараа жилийн уралдаанд оролцох тамирчдыг бүртгэж эхэлдэг аж. 2012 оны “Дакар ралли” Аргентин, Чили, Перугийн нутгаар хоёр долоо хоногийн турш үргэлжилж, нэгдүгээр сарын 15-нд өндөрлөсөн бөгөөд дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд ирэх жилийн тэмцээнээ оролцогчдын саналыг хүлээн авсан байна. Манай улсаас Д.Болдбаатар, Н.Лхамаа нар хүсэлтээ хүргүүлээд байсныг тавдугаар сарын 8-нд өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод болон “Дакар ралли”-гийн танилцуулгын үеэр манай хоёр тамирчныг оролцуулах болсон тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

“Дакар ралли” нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн хүн бүрийг оролцуулдаггүй. Дэлхийн хамгийн алдартай бартаат замын раллид оролцохын тулд зохион байгуулагчдын зүгээс тухайн тамирчин нь олон улсын чанартай тэмцээнд удаа дараа оролцсон туршлагатай, ингэхдээ түрүү булаалдах хэмжээнд өрсөлдөж, алт, мөнгөн медаль хүртсэн зэрэг болзол тавьдгийг ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар хангасан тул оролцох эрх олгожээ.

Ийнхүү Монголын авто, мото спортынхон түүхэндээ анх удаа дэлхийд алдартай “Дакар ралли”-д уралдах болж байна. Тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 5-20-нд өмнөх маршрутын дагуу буюу Аргентин, Чили, Перу гэсэн гурван улсын нутаг дамжин болох юм. Манай тамирчдын тухайд мотоциклийн ангилалд хурд сорино.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, энэ онд Монгол Улсад олон улсын чанартай хоёр ралли болох юм. Нэг нь, Японы SSER корпорацийн нэрэмжит “Rally Mongolia” ирэх наймдугаар сард болох бол нөгөө тэмцээн нь Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулах “Шандас мастер ралли” ажээ. Д.Болдбаатар, Н.Лхамаа нарын тухайд дээрх хоёр тэмцээнд мотоциклийн ангилалд өрсөлдөх бөгөөд “Дакар ралли”-гийн өмнөх сорил болох юм. Сонирхуулахад, 2010 онд SSER корпорациас зохион байгуулсан “Rally Mongolia”-д АНУ-ын тамирчин Иона Стрит түрүүлж, Н.Лхамаа удаалж байжээ. Тэрхүү тэмцээнд Д.Болдбаатар оролцоогүй боловч тухайн үед цагийн үзүүлэлтээр АНУ-ын тамирчинтай дүйцэхүйц амжилт гаргаж байсан юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж