Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Төсөөлөл гэдэг нь миний хувьд ямар нэгэн зүйлийг оюун ухаандаа зураглаж, түүнийгээ бодит болгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралыг урьдчилан харж, түүнийгээ оюун ухаандаа дахин дахин зураглаж, уншихыг хэлдэг.

Хэрвээ бид нимбэг жимсийг хэрчээд амталж байна гэж төсөөлөх юм бол бид амтыг мэдэрч, хэдийгээр амталж идээгүй ч гэсэн өөрийн эрхгүй шүлс ялгардаг. Тиймээс бид нимбэг жимсийг маш сайн төсөөлж чадаж байна гэсэн үг. Яг үүний адил бид өөрсдийн зорилгод хүрэх, хүссэн зүйлээ олж авах  мөн нөхцөл байдал, үйл явдлыг өөрсдийн хүссэн хэмжээгээр болж өнгөрөөхийг төсөөлж чадснаар бид түүнийгээ мэдэрч, мөн тэр төсөөлөл, зургаа оюун ухаандаа удаан хугацаагаар хадгалж чадснаар түүнийгээ бодит болгож чаддаг.

Тэгэхээр төсөөллийн 4 хэсэг байдаг.

1. ДАВТАМЖ
– бид хэр олон удаа хүссэн зүйлээ, зорилгоо давтаж төсөөлнө тэр хэмжээгээрээ түүнийгээ бодит болгож чадна. Зарим хүмүүс өдөрт 1-2 удаа төсөөлөх цагийг гаргаж байхад зарим хүмүүс хурдан үр дүнгээ үзэхийн тулд өдөрт 3-5 удаа буюу түүнээс ч их төсөөлөх цагийг гаргаж байх жишээтэй.

2.ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – бид төсөөлөлөө нэг дор хэр удаан хугацаагаар төсөөлж чадна тэр хэмжээгээр бидний далд ухамсарт гүн хоногшдог. Далд ухамсарт гүн хоногшсноор бид дараа дараагийнхаа үйлдэл, ажил төрөлдөө түүнийгээ автоматаар тусгаж чадна гэсэн үг. Төсөөлөл нь хэдхэн секунд-ээс авахуулаад 10 минут, 30 минут… хугацаатайгаар  байж болно.

3. ТОДООР төсөөлөх – төсөөлж байгаа зургаа маш тодорхой, дэлгэрэнгүй, өнгөтэй болгож чадснаар бид түүнийгээ илүү их мэдэрч, бодитой болгодог. Тийм ч учраас амьдралын “Таталцлын хууль”, “Тохирлын хууль”-иуд маш хүчтэй байдаг.
Хэрвээ бид гаргасан зорилгоо тодорхой болгож чадаагүй тохиолдолд төсөөлөхөд маш хэцүү. Яагаад гэвэл зорилго маань бүдэг бадаг байдаг учраас төсөөлөхөд ч гэсэн бүрхэг болно. Харин түүнийгээ дахин дахин бичиж, төлөвлөснөөр бид түүнийгээ илүү ихээр тодорхой болгох ба мөн төсөөлж, зураглана. Тиймээс өөрийн төсөөлөлийг тодорхой болгохын тулд юу хүсч байгаагаа тодорхой болгох нь зайлшгүй чухал юм.

4. ХҮЧТЭЙ
болгох  – үг хүчтэй гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ сэтгэл хөдлөлтэй хэлсэн үг бүүр хүчтэй. Яг үүнтэй адил төсөөлөл бас маш хүчтэй. Бид юу төсөөлнө түүнийгээ бодит болгож чадна. Тиймээс өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг төсөөлөлдөө нэмж өгснөөр улам хүчтэй болгодог.

“Төсөөлөл биднийг амжилтанд ч хүргэнэ мөн амжилтаас хойш нь ч татна. Тиймээс юу төсөөлж байгаагаа маш болгоомжтой сонгох нь зүйтэй.”

Төсөөлөлийг 2 янзаар төсөөлнө.

Нэгдүгээрт: Өөрийгөө гадна талаасаа төсөөлөх арга. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөндлөнгийн нүдээр харж байгаагар төсөөлөх. Хэрвээ хэн нэгэн таны амжилттай байгаа тэр дүр төрхийг гаднаас тань харахад та ямар харагдах вэ? Мэдээж урам зоригтой, баяр хөөртэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, маш жавхаатай харагдана. Яг түүнийгээ төсөөлөх.

Хоёрдугаарт:
 Өөрийгөө дотор талаасаа төөсөөлөх. Хэрвээ та амжилттай байгаа тохиолдолд танд ямар мэдрэмж төрөх вэ? Мэдээж маш сайхан ааштай, сэтгэл өндөр, өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмж маш өндөр, эрч хүчтэй, хүсэл эрмэлзлээр дүүрэн байна, түүнийгээ мэдэрч, төсөөлөх хэрэгтэй.

Тэгэхээр та өөрийн төсөөлөх оновчтой цаг, өөрийн тохиромжтой давтамж, төсөөлөх хугацаагаа сонгож мөн төсөөлөлөө маш тодорхой болгож, түүн дээрээ сэтгэлийн хөдөлгөөнөө нэмж улам хүчтэй болгож чадснаар гаргасан зорилгодоо хүрэх, нөхцөл байдал, үйл явдлыг өөрийнхөө хүссэний дагуу болгох боломж бий.

“Би өөрөө төсөөлөх аргыг хэрхэн ашигладаг тухайгаа бага зэрэг энд оруулахыг хүслээ.

Өглөө болгон миний сэрүүлэг таван цагт дуугардаг. Snooze товчийг дарснаас хойш надад 8 минут байдаг. (8 минутын дараа сэрүүлэг дахин давтаж дуугардаг.) Энэ найман минутанд би өдрөө хэрхэн өнгөрөөх вэ, юун дээр анхаарах вэ, юунд талархаж байна гэдгийг зураглаж, төсөөлдөг. Мөн орой унтахаасаа өмнө (унттал ихэвчлэн 15-45 минут болдог) болж өнгөрсөн өдөртөө талархаж, маргаашийнхаа хийх, бүтээх зүйлүүдээ амжилттайгаар болж өнгөрч байгаагаар төсөөлдөг. Боломж гарвал өдрийн цагаар (ихэвчлэн өдрийн хоолны дараагаар) 15-30 минут төсөөлдөг. (энэ үеийг би ганцаардал цаг, бясалгал хийх цаг ч гэж нэрлэдэг.)

Би гүйлтээр хичээллэдэг, гүйх дуртай. Заримдаа марафон гүйлтэд оролцдог. Марафон гүйлтэд гүйхээсээ өмнө ойролцоогоор сарын өмнө бүртгүүлдэг. Тиймээс надад марафон гүйлтээ төсөөлөх 1 сарын хугацаа байдаг. Мэдээж 2 цаг тасралтгүй гүйх нь тийм амар биш л дээ гэхдээ өдөр болгон өөрийгөө марафон гүйлтэд амжилттай гүйж дусгаж байгаагаар төсөөлж мөн дасгал сургуулилт хийх нь надад их үр дүнг өгдөг. Гараанаас гараад барианд орох бүх замаа төсөөлдөг. Замын эхний хэсэгт хэрхэн гүйж байна, ядралт хэр зэрэг байна, хөлс хэр их гарч байна, амьсгаагаа хэрхэн зхицуулж байна, зам талдаа орж байх үед миний эрч хүч хэр байна, хэрхэн хамт гүйж байгаа гүйгч нараас мөн хөгжөөн дэмжигч нараас эрч хүчийг авч байна, мөн төгсгөлийн үед ямар байхав, салхилж буй салхинаас  яаж эрч хүчийг авч байна, ямар дуу хөгжим сонсож эрч хүчийг авч байна гэх зэргийг нэгд нэгэнгүй төсөөлдөг. Мөн хөгжөөн дэмжигчид болон хамтран гүйгчид намайг гүйж байгааг хараад надаас эрч хүч авч байгааг мөн би тэдэнд эрч хүч өгч байгааг, тэдэнд би хэр зэрэг харагдаж байна, мөн зураг авч байгаа зурагчдад би хэрхэн мэргэжлийн юм шиг харагдаж, зурган дээр эвтэйхэн гарахын тулд гүйж байгаа дүр төрхөө өөрчилж түүнээсээ хүчийг авч байна вэ гэдгийг хүртэл төсөөлдөг.

Мөн гүйж дуусчихаад медалиа авч байгаагаар, сунгалтаа хийж байгаагаар мөн нөхөр хүү маань надад баяр хүргэж, үнсэж байгаагаар, мөн түүнийгээ тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. (энэ хэсэг маш чухал яагаад гэвэл аль хэдийн амжилтанд хүрчихсэн байгаагаа төсөлж байгаа юм).

Ингэж чадснаар марафон гүйлтийн жинхэнэ өдөр ирэхэд миний төсөөлж байснаар болж өнгөрдөг. Ядраад ирэх тэр үед салхинаас өөрийн эрхгүй эрч хүчийг авдаг, хөгжөөн дэмжигчдээс эрч хүчийг авдаг, яг ухаан алдахын даваан дээр нөгөө төсөөлж байсан дуу явдаг, мөн зурагчинг хараад өөрийн эрхгүй гүйж байгаа байдлаа өөрчилж, түүнээсээ эрч хүчийг авах жишээтэй.

Ноднин жилийн марафонд гүйхээсээ өмнө би усаа хэрхэн ууж тохируулах талаар огт төсөөлөөгүйгээс болоод усаа тохируулж ууж чадахгүй ам маш ихээр цангасан. Тиймээс энэ жил би дахиад гүйхээр бүртгүүлсэн байгаа (6 сарын 9-нд дахиж гүйнэ), тиймээс усаа хэрхэн тохируулж ууж байгаагаа нэмж төсөөлөх хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Мөн ноднин жилийнхээсээ илүү хурдан, илүү золбоотой, илүү эрч хүчтэй байгаагаар төсөөлж эхлээд байгаа. 

Гэх мэтчилэн би өөрийнхөө өдөр тутмыг, мөн өөрийн бизнес, өөрийн худалдан авагчид, өөрийн ажилчид, өөрийн эрхэлж буй ажил, гэр орон, үр хүүхэд, хайр дурлал, санхүү, бие, эрүүл мэнд бүгдийг нэгд нэгэнгүй энэ маягаар төсөөлдөг.”

Зарим хүмүүст магадгүй дэндүү хэтрүүлэгтэй ч юм шиг санагддаг байх, гэхдээ энэ надад маш ихээр үйлчилдэг болохоор өөрийнхөө амьдралыг төсөөлөлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Амжилтанд хүрсэн, амжилттай яваа бүх хүмүүс энэхүү аргыг хэрэглсэн байдаг.

Амжилт хүсье!

©Ука Төмөр
http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж