“Камертон 2” хоёрдугаар шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Камертон 2” хоёрдугаар шат эхэллээ

Монголын рок, поп урлагийн тавцанд шинэ өнгө аяс, шинэ урсгал бий болгохыг зорьж буй “Камертон 2” төслийн үйл ажиллагаа албан ёсоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд эхэлсэн билээ. Анх төслийн үйл ажиллагаа эхлэхэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 18-25 насны 700 гаруй залуус хүсэл мөрөөдлөөрөө нэгэн зорилгын дор цуглаж, нэгдүгээр шатны шалгаруулалтад дуу хоолойны өнгөнд тохирсон, хамгийн сайн дуулж чадна гэсэн дуугаа хөгжим, фонограмгүй дуулж шалгуулсан юм. Шүүгчид тухайн оролцогчийн дуулах авьяас чадварыг харгалзан үзэж, “Камертон 2” шоуны нэгэн эд, эс болох эрхийн мандат олгосон. Ингээд 159 оролцогч хоёрдугаар шатан өрсөлдөх болсон юм.

Нэгдүгээр шатны эхний дугаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд эфирээр цацагдаж, нийт 33 дугаар үзэгчдийн хүртээл болсон. Өөрөөр хэлбэл, урлагт хайртай, хүсэл мөрөөдлөө бодит биелэл болгохоор сэтгэл зүрх шулуудан ирсэн адтай, одтой, зоригтой 700 гаруй залуусыг үзэгч та бүхэнд ““Боловсрол суваг” телевиз, “Music Box” сувгаар танилцуулсан юм.

Тэргүүлэгч хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх зорилготой “Камертон 2” шоуны нэгдүгээр шат бол энэ төслийн зөвхөн эхлэл нь. Цаашид хэрхэн өрнөж, ямар залуус шилдгээр шалгарч, 150 сая төгрөгийн шагнал, таван жилийн продюсингийн гэрээний эзэд болох нь хэн бүхний сонирхлыг татаж буй.

Тохилог байдлаар тохижуулж, сонгодог орчин бүрдүүлсэн тайзнаа “Дэлхий ээж”, “Сувдан шигтгээ”, “Дандаа чамайг хайрлаж явъя”, “Албан тасалгааны цонхоор” гэх мэт 1960-1990 оны алтан үеийн хит дуунууд эгшиглэнэ. “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт болж байгаа юм.

Сэтгэл хөглөж, нандин дурсамж сэргээсэн “мөнхийн” хит дуунуудыг “Камертон 2” шоуны оролцогчид хэрхэн өөрийн болгож, төгөлдөр хуурын аялгуунд хэрхэн дуулахыг ажлын өдрүүдэд үдэш бүр 21.00 цагт “Боловсрол суваг” телевиз, “Music Box” сувгаар хүлээн авч үзээрэй.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж