нийтийн сүлжээ сонгуулийн үр дүнд нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Тэгвэл та
итгэх л хэрэгтэй болж. Учир нь 2008 оны сонгуулиас эхлэн олон нийтийн
сүлжээгээр тархсан мэдээлэл, цахим хуудсуудад байрлуулсан мэдээ,
материалууд нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна. Хамгийн их
нөлөөлөл үзүүлж байгааг энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн
сунгаа нотлон харуулаад байгаа юм. Митт Ромни болон бусад нэр дэвшигчид
Twitter-т маш олон дагагчтай болж сонгуулийн гол өрсөлдөн олон нийтийн
сүлжээнүүдэд өрнөсөн гэхэд болно. Харин Монгол Улсад энэ байдал ямар
байх бол.
“Монголд интернэт хэрэглэдэг хүмүүсийн тоо 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт
гарсан. Энэ удаагийн сонгууль гадны орнуудтай адил олон нийтийн
сүлжээгээр өрнөх хандлагатай байна. Манай улстөрчид facebook, twitter
хуудастай болох нь ихэссэн. Энэ ч утгаараа бодсон олон нийтийн сүлжээ
ашиглан сонгуулийн сурталчилгаа өрнөнө” гэж “МИДАС” ТББ-ын гүйцэтгэх
захирал н.Энхжаргал ярьсан юм.
Монголд фейсбүүк хэрэглэгчдийн тоо 280 мянга 680 хүн болж өсчээ. Энэ нь
жилд бараг 50 хувиар өсч байгаа гэсэн үг юм. Төрийн өндөр албан
тушаалтнууд фейсбүүк хуудастай байдаг төдийгүй он гарснаас хойш аль
хэдийнэ фейсбүүкээр сонгуулийн “бор шувуу”-нууд нисээд эхэлсэн билээ.
Монголын улстөрчдийн нээсэн фейсбүүк хуудсанд дунджаар 2500 хүн нэгддэг
гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ албан ёсны тоо биш гэдгийг санахад
илүүдэхгүй. Монголын нөхцөлд цахим орчинд байгаа судалгаа нарийн гарах
боломжгүй. Нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2007 оныхоос 88,5 хувиар
өсчээ. Яг одоогоор Монголд интернэт хэрэглэдэг 709 мянга 625 хүн байгаа
аж.
УИХ-д суудалтай намууд ихэнх нь фейсбүүк хуудастай болсон бөгөөд 70
гаруй УИХ-ын гишүүн өөрийн гэсэн twitter, facebook хуудастай болжээ. Энэ
удаагийн сонгуульд энэ мэтчилэн олон нийтийн сүлжээг ашиглах нь
гарцаагүй болоод байна. Хэрвээ хувь хүмүүс үүнийг зөв ашиглаж чадвал
манайд шинэ өөрчлөлтийг хийж чадах ч юм билүү.
Телевиз хэмээх төхөөрөмж үүсээд байсан 1950-иад оны сүүл, 1960-аад оны
эхэн үед АНУ-ын улс төрийн үйл явцад мэдэгдэхүйц нөлөөлж байлаа. 1960
онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа телевиз ашиглан хоёр нэр
дэвшигчийг халз мэтгэлцүүлсэ. Мэтгэлцээн телевизээр цацагдахаас өмнө
Ричард Никсон, Жон Кеннедигээс 20 гаруй хувиар тэргүүлж явсан ч халз
мэтгэлцээн энэ байдлыг огцом өөрчилжээ. Мэтгэлцээн цацагдсаны дараа Жон
Кеннедигийн рейтинг огцом дээшилж, энэ эрчээ алдалгүй явсаар Жон Кеннеди
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Гэтэл 2008 оноос олон нийтийн цахим хуудаснууд сонгуулийн үр дүнд
нөлөөлөх болжээ. 2008 онд анх удаа олон нийтийн сүлжээг ашиглан
сонгуулийн сурталчилгаа өрнөсөн юм. Тухайн үед олон нийтийн сүлжээ
дөнгөж үүсээд байсан боловч нэр дэвшигчид багагүй ашиглажээ. Мөн
хэрэглэгчдийн тоо нь ч одоогийнхоос цөөн байлаа. Харин АНУ-ын энэ жилийн
ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа олон нийтийн сүлжээ хэрхэн нөлөөлж
байгааг тод харуулсан юм. Митт Ромни фейсбүүкэд одоогийн байдлаар нэг
сая гаруй найзтай бөгөөд өдөрт дунджаар нэг гаруй сая хүн like
товчлуурыг дардаг ажээ. Сонгуулийн сунгаа эхлэхээс өмнө түүний нэр хүнд
бага байсан хэдий ч эхний уулзалтаас хойш нэр хүнд нь эрс өссөн байна.
Учир нь түүнийг гэртээ суудаг эмэгтэйчүүдэд зориулсан, ажил хэрэгч
хүмүүст зориулсан зэрэг нийгмийн давхарга болгонд зориулсан сурталчилгаа
нь ийнхүү амжилт олжээ. Түүнтэй өрсөлдөж байгаа нэр дэвшигчид хүртэл
фейсбүүк ашиглан сонгуулийн кампаниа эхлүүлсэн юм.
Өнгөрсөн оны аравнэгдүгээр сард болсон Сөүл хотын даргын сонгуульд улс
төрд туршлага гэхээр юмгүй Пак Вон Сун ялалт байгуулсан. Улстөр
судлаачид түүнийг “twitter” хуудас ашиглан ялалт байгуулсан гэж хожим нь
дүгнэжээ. Түүний өрсөлдөгч эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч На
Кён Воныг сонгуулийн үр дүн гарахаас өмнө Сөүл даяар ялах өндөр
магадлалтай гэж үзэж байсан гэдэг. На Кён Вон өрсөлдөгчийнхөө тухай хар
пиарыг Сөүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан цацаж байсан
болохоор арга ч үгүй юм. Ардчилсан намаас нэр дэвшигчийн рейтинг эхэндээ
40 гаруй хувьтай байсан бол Пакийн рейтинг дөнгөж 5 хувьтай байв.
Тэрээр сонгуулийн сурталчилгаандаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж
На Кён Воны бүх мэдээллийг твиттер, фейсбүүк хуудас ашиглан цацаж
эхэлсэн юм. Чухам энэ үеэс л Сөүл хотын дийлэнх залуусын итгэлийг Пак
авч эхлэв. Сонгууль эхлэхээс өмнө 500 гаруй мянган хүн түүнийг зөвхөн
твиттерт дагаж, 100 гаруй мянган хүн Солонгосын өнцөг бүрээс фейсбүүк
дахь хуудсанд нь найзаар элсчээ. Сонгуулийн үр дүн хэдийнэ гарч ямарч
боломжгүй гэж байсан Пак 53,5 хувиар өрсөлдөгчөө ялсан билээ.
Мөн Арабын хойгт өнгөрсөн онд өрнөсөн олон хувьсгалууд ч фейсбүүкээс
шалтгаалсан гэдгийг мартаж болохгүй. Арабын ертөнцийн хамгийн хаалттай
улс гэгддэг Афганистан улсад ч фейсбүүк хэрэглэгчдийн тоо огцом өсөх
хандлага ажиглагдаж байна.
Гадны орнуудын улс төрийн үйл явцад олон нийтийн сүлжээ аль хэдийнэ
нөлөөлж, сонгуулийн үр дүнг өөрчлөх хэмжээнд хүрчээ. Харин энэ онд
манайд болох сонгууль цахим ертөнцөд хэрхэн өнгөрөх бол. Ямар ч байсан
фейсбүүк хэрэглэгчдийн тоо огцом өсч байгаа мэдээлэл бий. Зарим
улстөрчид аль хэдийнэ фейсбүүкээр сурталчилгаагаа эхлүүлчихсэн байгаа.
Харин сонгуулийн үр дүнг өөрчилж чадах уу гэдгийг бид хэдхэн долоо хоногийн дараа мэдэх боломжтой болно. Харж л байя.