Г.Идэрмаа: Хөрсний бохирдлыг шийдэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Г.Идэрмаа: Хөрсний бохирдлыг шийдэх боломжтой

Даймонд пресс клубээс санаачлан ажил хэрэгч эмэгтэйчүүдийн яриаг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн ИТХ-ынг төлөөлөгч Г.Идэрмаа оролцлоо. Тэрээр нийслэлийн тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар хийж хэрэгжүүлсэн ажил, өөрийнхөө туршлагаас хуваалцлаа.

-Та нийслэлийн парламентад хэдэн жил сууж, их хотын амьдралд ямар хувь нэмэр оруулсан тухайгаа эхлээд танилцуулна уу?

-Миний хувьд 2000-2004 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн хуралд, 2008-2012 онд Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байна. Амьдралынхаа найман жилийг нийслэлийнхээ ажил, амьдралтай холболоо. Өнгөрсөн найман жилийн хугацаанд  нийслэлд гурван гол асуудал тулгамдаж байна гэж харлаа. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал гэсэн гурван асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна.

-Эдгээр асуудлыг шийдэх ямар гарц байна вэ. Нийслэлийн ИТХ болон та энэ талаар юу хийсэн бэ?

-Агаарын бохирдол нүдэнд харагдаж, хоолой хорсгож байгаа учраас Засгийн газар, нийслэлээс ч тодорхой арга хэмжээ авч байна. Долдугаар хороолол гэх мэт газруудыг барилгажуулж асуудлыг шийдэхээр урагштай явж байна. Хөрсний бохирдлын тухайд тодорхой шийдэл өдийг хүртэл гараагүй байна. Хөрсний бохирдол нийслэлийн төв орчимд хүндрэлтэй байгаа. Нэг хашаанд 4-5 айл байдаг, хашаагаа тэлсээр байгаад гудамжаар түргэний, галын машин явах нөхцөлгүй болсон. Айлууд хашаандаа 4-5 жорлон ухаж эрүүл хөрс байхгүй болсон. Муу усаа өвөл гадаа асгадаг, тэр нь хавар, зун агаарт тархаж халдварт өвчин үүсгэх нөхцлийг бүрдүүлж байдаг. Халдвартын эмнэлгээс авсан судалгаагаар зургаа, долоо, наймдугаар сард халдварт шар өвчин нэмэгдэж байгаа нь хөрсний бохирдлоос үүдэлтэй байна. Үүнийг шийдэхийн тулд Дамбадаржаа, Толгойтод хөрс нь бохирдоогүй байгаа айлуудын хашаанд стандарт тогтоох ёстой гэж боддог. Хашаа, гудамж, жорлон нь хэдий хэмжээтэй байх ёстой талаар стандарт тогтооё гэж бодсон. Эхлээд энэ бүгдийг хийж үзье гэж шийдээд Дамбадаржаагийн 16 дугаар хороололд нэг айлын хашааг бүрэн тохижуулж, хөрсийг нь эрүүл хамгаалах ажил хийлээ.

-Та энэ бүхнийг яаж хийсэн тухайгаа товчхон танилцуулаач?

-Банзан хашаа, дотор нь явган хүний зам талбай, эко жорлон тавьсан. Мөн цэвэр, бохир усны шугамд холбосон. Шугамыг Улаанбаатар хотын захирагчинй алба, нийтийн аж ахуйг сайжруулах төсвийн хүрээнд хийсэн. Энэ ажил амжилттай болсон. Дамбадаржаагийн 80 айл, найман албан газар цэвэр, бохир усны шугамд холбогдсон. Орон сууцнаас ялгаагүй болсон. Иймд хөрсний бохирдлыг шийдэх боломж байна. Хүнсний аюулгүй байдлын тухайд, өнөөдөр нийслэлийнхэн баталгаагүй хүнс хэрэглэж байна. Гадаадаас зөөврөөр оруулж ирдэг хүнс их хэрэглэж байна. Манайх хүнсний бүтээгдэхүүний 50-60 хувийг гадаадаас импортлож байна. Энэ тулгамдсан асуудал.

-Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийх шаардлага байна вэ. Зүгээр л яриад суух уу?

-Би нийслэлийн ИТХ-д хүнсний аюулгүй байдлын дэд хороог ахалдаг. Үүнийхээ дагуу маш олон худалдааны төв, дэлгүүрээр явж үзсэн. Нэг тонн ногоо оруулж ирлээ гэхэд, түүнээс багахан хэмжээгээр шинжилгээнд авч өгдөг. Үлдсэн хэсгийг худалдаанд гаргадаг. Бүтээгдэхүүн худалдагдаад дуусч байхад шинжилгээний хариу гардаг. Тиймээс шинжилгээний  хариу гардаг хугацааг, хилийн боомтууд дээрх лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Нийслэлийн ИТХ, дүүргийн Иргэдийн хурал жилд 2-3 удаа хуралдаж төсвөө хэлэлцэх үеэр цаг заваа их зарцуулж байна. Монголчуудын олонхи нь амьдарч байгаа нийслэлийн асуудалд шийдвэрүүдийг яаралтай гаргаж, байнга ажиллах шаардлага байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай ИТХ-ын хамгийн брэнд шийдвэр бол Улаанбаатарт байгуулагдаж буй 1280 га газар хамарсан цэцэрлэгт хүрээлэн юм. Манай хурлын түүхэн шийдвэр гэж онцолмоор байна. Энэ шийдвэр агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Б.ЭНХЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж