Бүдэгхэн гэхдээ туршлагатай Ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Бүдэгхэн гэхдээ туршлагатай Ерөнхий сайд

Албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Франсуа Олланд Засгийн газрынхаа тэргүүнээр Нант хотын захирагчаар олон жил ажилласан, Үндэсний чуулган дахь социалистуудын жигүүрийн дарга Жан-Марк Эрог томилохоор зарлав. Шинэ ерөнхий сайдын эхний үүрэг нь зургадугаар сарын 10-нд явагдах Францын парламентын эхний шатны сонгууль болох ёстой.

Тав дахь Бүгд найрамдах улсын 20 дахь ерөнхий сайдаар Социалист намын ахмад зүтгэлтэн Жан-Марк Эро томилогдлоо. Ерөнхийлөгч ийнхүү үнэнч хамтран зүтгэгчээр танхимаа толгойлуулж байна.

“Тэд яг л нэгэн хэвэнд цутгагдсан юм шиг адилхан” хэмээн La Croix сонин онцлов. Эро ба Олланд намдаа эртний холбоотнууд. Социалистууд 1997 оны сонгуульд ялсны дараа Жак Ширак, ерөнхий сайд Лионель Жоспен хоёрт намаа мөн парламентын жигүүрээ үлдээх үнэнч туслахууд хэрэгтэй байв. Энэ дагуу намыг Олландад, парламентыг Эро нарт үлдээсэн байв. Социалист нам тэдэнд үүрэг хүлээлгэсэн ч тэд социалистуудын бусад лидерүүдийн сүүдэрт үлдсэн. Үндэсний чуулганы танхимд тэд олон жил мөр зэрэгцэн сууж байжээ.

Мягмар гаригийн томилгооны өмнө хэвлэл огт өөр хүмүүсийг ерөнхий сайд болно гэж таамаглаж байлаа. Тухайлбал, өмнө нь сайдын суудалд нэлээд хугацаанд ажиллаж амжсан Социалист намын өнөөгийн дарга Мартин Обри, Олландын ялалтыг бүтээгчийн нэг гэгдэх депутат Мануэль Вальс нарыг нэрлэж байв. Олландын шийдвэрт тэдний хүчтэй байр суурь нөлөөлсөн байж магадгүй. Обри арай илүү зүүний талыг барьдаг бол Вальс төрийн шинэ тэргүүнээс илүү барууны талдаа.

Эро нь ерөнхийлөгч шигээ хамтын ажиллагааг илүүд үзнэ. “Энэ дайчин хүн маш хүчтэй чанарыг харуулж, хүмүүст маш хүндэтгэлтэй хандаж чаддаг. Тэр бол гялалзан тодордог хувь хүн биш ч ихээхэн буурьтай хүн” хэмээн улстөрчийг намын хамтран зүтгэгч Жан-Луи Бьянко үнэлэв. Саркозид талтай Le Figaro  сонин эдгээр чанаруудыг  нь социалистууд шиг үнэлсэнгүй. “Энэ даруухан хүнийг  зарим нь ”нүүр царайгүй” гэдэг бол нөгөө хэсэг нь “бүрхэг, бүрэг” гэдэг. Түүнд телевизийн өмнө гаргахаар уран илтгэгчийн авъяас үгүй” хэмээн сонин бичсэн байна.

Гэхдээ тэр нь л Олландад хэрэгтэй байж магадгүй. Тэрээр захиргааны асар их туршлага хэрэгтэй. Францын cumul des mandats (мандат цуглуулах) гэдэг Засгийн газрын мэрийн депутатын албыг зэрэг байлгах практикийн дагуу тэрээр Нант хотын захирагчаах 1989 оноос хойш ажилласан. Улстөрч ерөнхий сайдаар томилогдох болтлоо парламентын болон хотын захирагчийн албыг хоршуулан хашиж байсан юм.

Социалистуудын жигүүрийг толгойлж байсан асар их туршлага нь түүнд эхний үүргээ амжилттай биелүүлэн зургадугаар сарын 10-ны парламентын сонгуулиар Үндэсний чуулганд социалистуудыг олонх болоход нь туслах ёстой. Парламентын сонгуулийн хоёрдугаар шат зургадугаар сарын 17-нд явагдана. Францчууд энэ хоёр сонгуулийг ерөнхийлөгчийн сонгуулийн гуравдугаар шат гээд нэрлэсэн байгаа. Николя Саркозийн нам ялагдлынхаа хариуг авахыг хичээж байгаа. Гэхдээ одоогоор тийм ч бүтэмжтэй харагдахгүй байгаа. Ерөнхийлөгч Жак Ширак 2000 онд төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг 7-5 жил болгохдоо төрийн тэргүүн болон Засгийн газар нь өөр өөр намуудыг төлөөлөн бие биенийхээ ажилд саад болохгүй байхад тустай гэж тайлбарлаж байсан юм.

Эро-г Ерөнхий сайдаар томилсноор Олланд Николя Саркозийн “гипер ерөнхийлөгч” гэдэг загвараас татгалзаж байна. Саркозийн ерөнхий сайд неоголлистуудын сүүдэрт гүнзгий орсон байсан. Одоо Засгийн газрын тэргүүн “өөрийн одоо гялалзуулах” ёстой болж байна хэмээн хэвлэлээр өгүүлжээ. Гэхдээ ерөнхийлөгч тэр хоёрын хооронд зөрөлдөөн гарахгүй гэж тэд тэмдэглэв. Францын ерөнхий сайдын тушаал нь ерөнхийлөгчийн тушаалын тодотгол биш. Ерөнхий сайд дотоод бодлогынхоо бараг бүх эрхийг барьдаг бөгөөд ерөнхийлөгч танхимыг огцруулах эрхгүй байдаг юм.

Хэн түүний багт орох нь бүрэн тодроогүй байна. Эро ба түүний сайд нар 1,33 их наяд евро болсон улсын өрийн өсөлтийг барих үүрэг гүйцэтгэнэ.

Олланд ерөнхийлөгчийн эхний өдрөө канцлер Ангела Меркельтай уулзан еврол бүсийн уналтыг зогсоох талаар ярилцсан байна. Эрогийн Засгийн газар бензиний үнийг литрт нь 2 евро байлгах, нэг сая еврогоос дээш орлоготой хүмүүсийн татварыг 75 хувь болгох, тэтгэврийн насыг эргээд 62-60-д нь авчрах, Афганистанаас цэргээ гаргах, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах гэсэн Олландын амлалтыг биелүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж