Хамгийн хүчирхэг ээжүүд

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын хоёр дахь ням гаригт тохиодог олон улс Эхийн өдрийн өмнө Forbes Woman сэтгүүл жил тутмынхаа хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг нэрлэв. Чансааг гаргахдаа тэдний хяналтын хөрөнгө, шийдвэр гаргах эрх мэдэл, нэр нөлөөний ангиллаар хамгийн хүчирхэг байгаа эхчүүдийг онцолжээ. Эдгээр эмэгтэйчүүдийг төрийн удирдлага, бизнес, чөлөөт цаг, буян үйлдэлт, гэр бүлийн болон дэлхийн удирдлага гэсэн салбаруудаас шалгаруулсан байна.

Энэ жилийн хувьд чансааг Челси Клинтоны эх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон (Hillary Clinton) тэргүүлэв. Дэлхийн хамгийн чухал албан тушаалтнуудын нэг хатагтай Клинтон хоёр жилийн өмнө охин Челсигийнхээ хуримын бэлтгэлд Хиллари цахим шууданг өргөнөөр ашиглан оролцож, гэрэл зургуудыг үзэн охиндоо дэмжлэг үзүүлж байв. Тэр үеэр олон улсын дипломат ажил хэрэг, сүйт бүсгүйн ээжийн үүрэг хоёр давхцан түүний хувьд “чухал, ачаалалтай” байсан гэж Хиллари Клинтон ярьж байв.

Хүчирхэг эхчүүд захирлуудын зөвлөл эсвэл тоглоомын тасалгаанд ч амжилттай байхын тулд ер бусын стратеги боловсруулах ёстой болдог. Чансааны гуравт байгаа

Индра Нуйи (Indra Nooyi) нь PepsiCo компанийн гүйцэтгэх захирал, хоёр хүүхдийн ээж. Ажил хэргийн уулзал­тын үеэр хүүхдүүд нь утасдвал тэрээр заавал утсаа авдаг гэж ярьж байна. Жагсаалтын дөрөвт байгаа Шерил Сандберг (Sheryl Sandberg) нь Facebook компанийн үйл ажиллагааны ерөнхий захирал. Хоёр бага насны хүүхдийн эх тэрээр гэр бүлтэйгээ хамт хооллохын тулд ажлаасаа 5.30-д харьдаг гэнэ.

Чансаагар 10-т байгаа The New York Times сонины гүйцэтгэгч редактор Жил Абрамсон (Jill Abramson) хоёр хүүхэд нь бага байхад гэрийн даалгаварт нь юу өгснийг ямагт сонирхон мэддэг байснаа сэтгүүлд ярьсан байна. “Гэр бүлийн чухал үйл явдал болж байхад гэртээ очдоггүй  хэтэрхий хөдөлмөрч хүн би биш. Гэр бүлийн үйл явдал бараг тэр чигтээ чухал. Вашингтоны товчоог хариуцаж байхдаа би хүүхдүүдийн сурах бичгийн номын цуглуулж, тэдний юу уншдаг талаар гэртээ очоод ярилцахын тулд би бүгдийг нь уншдаг байлаа” гэж тэрээр өгүүлсэн юм.

Одоо Абрамсоны хүүхдүүд 20 гаруй настай. Хүүхдүүд нь гэртээ амьдрахгүй болсон  шилжилтийн үеийг туулахаар тэрээр хичээж буй.

Жагсаалтад байгаа олон эхчүүд ээж хүний үүрэг ба нэн чухал карьерыг хамтатгах нь хүнд байдгийг ярьж байна. Сандбергийн хэлснээр тэр 2010 онд эх болоод тэр ээр эхэндээ энэ хоёр үүргийг зэрэгцүүлэх гээд бараг чадаагүй, сэтгэлийн тэнцвэргүй байсан гэв. Сандберг хүүхэдтэй эсвэл эх болох гэж байгаа эмэгтэйчүүдийн талд зогсон тэдэнд ажлаа жирэмсний амралтын хугацаа болтол тасалдуулахгүй байхыг зөвлөж байна.

Чансааны зургаад бичигдсэн ОУВС-гийн захирал Кристин Лагард (Christine Lagarde) хоёр хүүхэдтэй. Захирлуудын зөвлөлийн хуралд нь 24 эрэгтэй байсныг Лагард онцлоод “Компанийн дээд хүрээнд ахих тутам эмэгтэйчүүд бага үзэгддэг” гэж тэрээр хэлж байна.

Гэр бүлд эхийн хөдөлмөр маш чухал гэдгийг бид мэднэ. Тэд охиддоо гадаад ертөнцөд хөл тавих замыг нь засч өгдөг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард өөд болсон Клинтоны эх Дороти Родхэм (Dorothy Rodham) охиндоо хүчтэй лидер болоход нь тус болсон хүн. Хиллари дөрвөн настайдаа хөршийн хүүхдэд шоглуулан уйлсаар орж ирэхэд нь эх нь “Чи айхгүй гэдгээ үзүүлэн үүний эсрэг зогсч чаддаг байх ёстой. Хэрэв чамайг дахиад цохиод авах юм бол хариуд нь цохиод ав” гэж охиндоо зөвлөж байсан гэдэг.

Чансааны 19-д байгаа Disney-ABC Television Group-ын захирал, Disney Media Networks-ийн захиргааны дарга нарын нэг, хоёр хүүхдийн эх Энн Суини (Anne Sweeney) эхийгээ ухаантай хүн байсан гэж дурсчээ. Хүүхэд ахуйд ээж минь намайг ихээхэн шахдаг байсан нь үнэн. Нэгэн удаа би латин хэлний шалгалтад бэлтгэж байгаад “Та намайг үнэхээр ухаантай гэж бодож байна уу” гэж ээждээ хэлтэл “Чи их ухаантай гэдгээ мэдэхгүй байна гэж үү” хэмээн хариулж байлаа. Эцэг эхийн нэг нь ингэж ярих нь “би үүнийг хийж чадна, үүнээс ч илүүг хийнэ” гэсэн итгэлтэй болоход түлхэц үзүүлдэг хэмээн Суини ярьж байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж