Хэрэглэгчийн индекс эерэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн индекс эерэг гарчээ

Хэрэглэгчийн хүлээлтийн индескийн талаар МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш, оюутнуудын хийсэн судалгааг өчигдөр танил­цуулав. Уг судалгаагаар Монгол Улсын эдийн засаг ойрын үед тогтворжих нь гэсэн дүгнэлт гарсныг тус сургуулийн захирал Ц.Даваадорж дуулгав.

Хэрэглэгчийн хүлээлтийн индескийг гаргахын тулд хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан бөгөөд энэ судалгаа хамгийн гол нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард явагдсан гэдгийг тэрбээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл, инфляци өнөөдрийнх шиг 17 хувьд хүрээгүй байх үеийн судалгаа. Учир нь он гарсаар шатахууны үнэ болоод махны үнэ тэнгэрт хадаж түүнээс нь болоод үнийн дарамт нүүрлээд буй өнөө үед өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн судалгааны үзүүлэлт зөрөх нь дамжиггүй. Судалгаанд оролцогчдоос “Танай гэр бүлийн өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэсэн асуултад хариулт авахад бага дунд орлоготой иргэдэд үнийн өсөлтийн дарамт өндөр байгаа нь харагджээ.

Судалгаанд оролцогсдын дий­лэнх хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугхцаанд өссөн гэж  хариулсан байна. Тэдний 10 хувь нь 100 000-аас доош, 45 хувь нь 100 000-300 000 төгрөгийн орлоготой хүмүүс аж. Гэхдээ ажил хийж буй хүмүүсийн хувьд амьдрал нь сайжирсан гэсэн хариултыг өгсөн байна

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь төр засгаас явуулж байгаа бодлого, гаргасан шийдвэрүүдтэй холбоотой болох нь судалгааны дүнгээр батлагдсан ба төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, иргэдэд эх орны хишиг олгох зэрэг асуудлууд нь инфляцийг хөөрөгдөж байна гэсэн бол харин ядуурал буурч, Монголын эдийн засаг хөгжих боломж харагдаж байгаа гэж судалгаанд оролцогчдын дийлэнх илэрхийлсэн байна.  Өнгөрсөн 2010 онд явуулсан судалгаагаар хүмүүсийн эдийн засагт, банк санхүүгийн  салбарт итгэх итгэл сул байгаа нь харагдсан бол 2011 онд хэрэглэгчийн хүлээлтийн индекс харьцангуй эерэг гарсныг тус сургуулийн багш нар дуулгасан. Хэрэг­лэгчийн хүлээлтийн индексийн гаргахын тулд тодорхой асуултуудыг бэлтгэж, судалгаанд орол­цогчдод тавьдаг бөгөөд тэдний хариулт дээр үндэс­лэж уг индексийг тодорхойлдог гэнэ.  Ядуурал буурч байгаа гэж судалгаанд оролцогчид хариулсны олонх нь ажил эрхэлдэг хүмүүс байсан гэнэ. Судалгаанд орологчдод тавьсан асуултаас хара­хад ажил хийж буй хүмүүсийн амьдрал харь­цан­­гуй сайжирч, харин ажил хийж байгаагүй хүмүүс урьдын адил ядуу байгаа нь  харагдсан байна.

Мөн Монголын банк санхүүгийн салбар сайжирсан, эдийн засгийн үр өгөөж дээшилсэн гэсэн дүгнэлтийг хэрэглэгчид хийжээ. Хэрэг­лэг­чийн хүлээлтийн индексийг дэлхийн олон орон ашигладаг, эдийн засгийн ач холбогдолтой инди­катор гэж ч тус сургуулийн багш, оюутнууд онцолсон. Учир эдийн засаг дахь хэрэглэгчийн хүлээлт ба хандлага нийт эдийн засгийг хөгжилд чухал нөлөөл үзүүлдэг бөгөөд энэ индексийг зөвхөн төр засаг гэлтгүй хувийнхан ч ашиглах боломжтой гэлээ.

Ямарч байсан өнгөрсөн арваннэгдүгээр хийсэн хэрэглэгчийн хүлээлтийн индексээр Монгол Улсын эдийн засаг эерэг хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Харин өнөөдөр энэ судалгааг явуулбал хэрэглэгч эдийн засгаас юу хүлээж, энэхүү индекс ямархуу гарах нь тодорхой болов уу. Учир нь уг индексийн судалгааг гаргаж байхад шатахууны болоод махны үнэ төдийлөн өсөөгүй байсан билээ.

Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж