Хууль батлагдсаны дараа Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас орон нутгийн байгууллагуудтай хамтраад гол ус, ой модны сав газрын хилийн кадастрын зургийг гаргасан байна. Үүнийг хоёр жилийн туршид гаргаж, хилийг нь тогтоож салбарын яаманд өгсөн. Харин ЭБЭХЯ-наас тухайн талбай дахь лицензийг тодорхойлсон байна. Үүний дараагаар ажлыг нь зогсоохын тулд нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцээд 98 компаниас бусдад нь олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт танилцуулнэ гэдгээ мэдэгдэж байсан ч ямар ч байсан өнгөрсөн лхагва гаригт болсон ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээгүй өнгөрсөн байгаа.
Урт нэртэй хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө хураалгуулсан алтны шороон орд эзэмшдэг 242 компаниас зөвхөн 98 компанид нөхөн олговор өгөхөөр болсон талаар Ашигт малтмалын газраас тодруулахад тэд үүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас асуухыг зөвлөсөн. Ашигт малтмалын газрын дарга нарыг АТГ-аас шалгаж, энэ нь нийгэмд дуулиан тариад байгаа болохоор тэд ямар ч асуудлаар одоохондоо мэдээлэл өгөхөөс татгалзаж байна лээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтний хэлснээр нөхөн олговор олгогдохгүй бусад лицензийг хэсэгчилэн болон бүхэлд нь цуцлах аж. Нийт 98 компанийн нөхөн олговрыг улсын төсөвт суулгахаар болжээ. Мөн компаниудад нөхөн олговор олгох хүртэл ажлыг нь хязгаарласан байна. Нөхөн олговрыг татвараа цаг тухайд нь төлсөн, татварын зөрчилгүй, нөхөн сэргээлтээ тодорхой хэмжээгээр хийж байсан компаниудад олгох гэнэ. Улсад өртэй, татварын зөрчилтэй, нөхөн сэргээлтээ хийж байгаагүй компаниудын хувьд нөхөн төлбөр авна гэж горьдолтгүй юм байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан гол ус, ой модны сав газрын хилийн кадастрын зургийн дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан газраас зайдуухан талбайд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөхөн олговор өгөхөөр болж байгаа гэж салбарын яамныхан ярьж байна лээ. Харин тусгай зөвшөөрлөө хураалгасан компаниуд өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгөө Засгийн газраас авахыг хүсч байгаагаа ч нуугаагүй. Нөхөн олговроо өгөөгүй байж үйл ажиллагааг нь хааж боосонд эсэргүүцсэн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жил олборлолт явуулж байгаад Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрынханд баригдсан байдаг. Харин байгаль хамгаалах хөдөлгөөнийнхөн байгаль орчин сүйтгэж, хамаг баялгийг нь хуу хамж идчихээд бас дээрээс нь нөхөн олговор авахаар санаархаж байна хэмээн эсэргүүцэж байсан удаатай. Ямар ч байсан улсад татвараа төлөөд, нөхөн сэргээлтээ хийгээд явж байсан компаниуд хуульд заасны дагаа Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговроо авах бөгөөд улсын төсөвт суутгасны дараа энэ оноос эхлэн уул уурхайнхан нөхөн олговрыг нь өгөхөөр төлөвлөөд буйгаа ч салбарын яамныхан ярьж байна лээ. Удаан ч гэсэн урт нэртэй хууль ийнхүү бага, багаар урагшилж эхлэв бололтой.
Ж.ЭРХЭС