Олимпод оролцох Монголын багаа дэмжих, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах зорилготой “Тийм Монгол” төсөл үйл ажиллагаагаа эхлээд байна. “Тийм Монгол” (Team Mongolia) төсөл МҮОХ-той албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр (05.17) “Олимпик хаус”-д боллоо. Уг ёслолын ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, “Тийм Монгол” төслийн зохицуулагч Б.Баясгалан нар оролцлоо. Уг гэрээг үзэглэснээр “Тийм Монгол” төсөл нь үндэсний олимпийн хороотой бүхий л талаар хамтран ажиллаж, бэлгэдлийг ашиглах, түүнчлэн тусгай төслүүд хэрэгжүүлэн Монголын багаа санхүүгийн болон сэтгэл санаагаар дэмжихээр болж буй юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.