Сүүдрийг ч төлөвлөн хөгжих Хятад орноор

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Сүүдрийг ч төлөвлөн хөгжих Хятад орноор

Мэлмий цэлмээгчид

БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан хэмээх төрийн бус байгууллагын урилгаар Монголын хэсэг сэтгүүлч өмнөд хөршийн Бээжин, Шанхай хотод зочлоод ирлээ. Энхтайван, хөгжлийн санг өнгөрсөн жилийн наймдугаар сард байгуулжээ. Анхны гадаад зочид нь Монголын сэтгүүлчид болж таарсанд бэлгэшээв. Байгуулагдаад удаагүй ч сангийн төлөөлөгчид Монголд ирж халамжийн үйл ажиллагаанд оролцоод амжжээ.

Монгол Улсын ЭМЯ-тай хамтран Улаанбаатарын III нэгдсэн эмнэлэгт нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй мэс засал хийх “Гэгээн мэлмий” арга хэмжээг зохион байгуулсан байна. Хорвоог тольдох хараанаасаа салж харанхуйн зовлонд унаад байсан 90 гаруй хүнд үзлэг хийж 40 хүнд мэс засал хийн мэлмийг нь цэлмээж буян үйлджээ. 

Тус сангаас Монгол Улс, АНУ, Канадтай харилцан үйл ажиллагаа явуулахын сацуу Пакистан, Балба, Мъянмар зэрэг оронд ч “Гэгээн мэлмий” аянаа хэрэгжүүлжээ. Монгол Улс хээр тал, өргөн уудам нутагтай. Тиймдээ бусад оронтой харьцуулахад монголчууд нүдний хараа сайтай, болор бүдэгших өвчтэй хүн цөөн. Нүдний эмч ч хангалттай, харааны эмгэгтэй өвчтөн цөөн байдаг онцлогтой гэдгийг сангийнхан хэлж дараагийн удаа зүү, төөнүүрийн чиглэлээр эмч, мэргэжилтэн илгээж, болох талаар ярилцсан юм. Хятадад нэг түм орчим төрийн бус байгууллага бий гэнэ. Тэдний нэг нь энэхүү сан юм.

Ийм буянтай үйлс бүтээх их ажлыг эхлүүлж буй сангийн удирдах ажилтан Жи Пин, Тиан Ген нар сэтгүүлчдийг хүлээн авч зочлууллаа.

Жаран хэлээр жиргэгчид

Нэгэнт сэтгүүлчдээс аяллын баг бүрдсэн тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар орох нь аяллын гол зорилгын нэг байв. Бидний зочилсон анхны байгууллага Хятадын олон улсын радио. Дэлхийн II дайны гал дүрэлзэж байсан 1941 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан, өдгөө цэнхэр гаригийн олон орон руу нэвтрvvлэг хийдэг Хятадын цорын ганц улсын радио бол эднийх. Анх  өдөр бvр япон хэлний 15 минутын нэвтрvvлэг явуулж байсан бол 70 жилийн дараа буюу  өнөөдөр гадаадын 61 хэл, Хятадын төв болон нутгийн дөрвөн аялгуугаар хоногт давхардсан тоогоор 211 цагийн нэвтрvvлэг цацдаг болжээ. Радиогийн олон давхар байрны өрөө бүрт өөр өөр хэлээр, хамтаараа нийлээд жаран хэлээр жиргэж, Хятадын хийгээд дэлхий дахины шуурхай мэдээллийг дамжуулж байна.

Радиогийн байрны голд асар том бөмбөрцөг бий. Дэлхийн өнцөг булан бүрт оршин суудаг сонсогчид нь радиотой амьд холбоо үүсгэн илгээсэн захидлуудыг уг бөмбөрцөгт агуулжээ. Нийт зургаан сая гаруй захидал бий гэнэ. Орчин цагт мэдээллийн технологи хурдацтай хөгжиж хүмүүс хоорондоо голдуу интернэтээр харилцдаг болсон ч гараараа захидал бичин дугтуйлж марк наагаад шуудангаар илгээдэг заншлаа үл гээгчид радио сонсогчдын дунд элбэг ажээ.  Хятадын олон улсын радио жил бvр дэлхийн 200 гаруй улс орны сонсогчдоос 60 мянга гаруй захидал авдаг гэж дарга нар нь танилцууллаа.  Олон улсын радио дэргэдээ телевизийн суваг, веб сайт, дагуул сонинуудтай болжээ. Тэндээс үзвэл Монголд сонин, сайт, сэтгүүл, телевиз нэгдэн агентлаг байгуулдаг болсон зарчим Хятадад ч нэвтэрч буй нь харагдлаа. 

Олон улсын радиод Монгол хэлний редакц гэх өвөрмөц хамт олон байдаг. Түүнийг сэтгүүлч Э.Гэрэлт даргалж Монгол Улсаас Д.Мөнхжаргал, С.Баяндорж нарын сэтгүүлчид гадаадын мэргэжилтнээр ажиллан хэл,найруулгын талаас ариутган шүүх гол ажлыг нугалдаг. Сэтгүүлчдийн дийлэнх нь Өвөрмонгол, Шинжааны монголчууд. Тэд цэвэр төв халх аялгуугаар ярьж, кирилл бичгийн сайт ажиллуулж, богино долгионоор өдөрт зургаан удаа, нийт зургаан цагийн нэвтрүүлэг ,  FM-ээр  өдөрт найман удаа 16 цагийн нэвтрүүлэг дамжуулж байна. Монголд улс төрийн мэдээ, мэдээлэлд голлон ач холбогдол өгдөг бол түүнээс ялгаатай нь Хятадад эдийн засаг, соёл, нийгмийн салбарыг онцолдог ажээ. Гэмт хэргийн мэдээллийг дамжуулахдаа болгоомжтой хандаж санаа муутай хүнд “гарын авлага” болгохгүй талаас анхаардаг гэлээ. Монгол хэл дээрх кирилл үсгийн сайтыг  2003 оноос нээснийг давхардсан тоогоор сард гурван сая хүн үзэж, монгол сонсогчдоос жил тутам интернэт, энгийн шуудангаар  20 гаруй мянган захидал ирдэг болжээ.

Үүнээс гадна “Синьхуа” агентлаг, ССTY, Ардын өдөр тутмын сонин, Ардын сайтын удирдлагатай уулзаж туршлагаа солилцлоо. Хятадад хувийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байдаггүй, Монголд төрийн мэдлийн хэвлэл, мэдээлэл байхгүй тул ерөнхийдөө үйл ажиллагааны зарчим тэс өөр болж таарав.

Гадаад яамны хөх танхимд

Тэндээсээ БНХАУ-ын Гадаад явдлын яамыг зорив. Телевиз, интернетээс үзэхэд хөх дотор бүхий танхимд гол гол хэвлэлийн бага хурлууд болж байдаг. Тэр танхимд орж үзлээ. Уламжлал ёсоор хэвлэлийн хурал явж байна. Гадаадын олон орны сэтгүүлчид иржээ. Тунгалаг, цэвэр гэсэн утгаар хөх өнгийг сонгон хэвлэлийн танхимаа доторлосон гэнэ. Манай Гадаад яамны хэвлэлийн хурлын танхим ч ийм өнгөтэй байдаг нь ижил агуулгатай байж мэднэ. Дипломат албаны хөх ном гэж байдгаас үзвэл ерөөсөө гадаад харилцаанд ийм өнгийг ил тод, цэвэр тунгалгийн бэлгэдэл болгон эрхэмлэдэг бололтой юм.

Үүний дараа Монголын сэтгүүлчдийг Хятадын Гадаад яамны Хэвлэлийн төлөөлөгчдөөс хүлээн авч тусгайлсан уулзалт хийв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 онд Хятадад айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх баримт бичигт гарын үсэг зурсныг онцгойлж байлаа. Хамгийн урт, 4700 км газраар хиллэдэг хоёр орны харилцаа улам гүнзгийрч, цаашид ч сайн сайхнаар хөгжих ирээдүйтэй байгааг онцлов. Хятадын Гадаад явдлын яамны сайтыг өдөрт 2,8 сая хүн үздэг, урд хөршид гадаадын 58 улсаас 423 сэтгүүлч ажилладгийн дотор Монголын хоёр сэтгүүлч байдаг гэнэ.

Хятадаас гадаадын олон оронд сурвалжлагч ажиллаж байгаа бөгөөд гагцхүү дэлхийд нүүрлэх төлөв бүхий санхүү, эдийн засгийн хямралаас болгоомжлон аливаад хэмнэлттэй хямгач хандаж буйн нэг илрэл болгож хилийн чинад дахь сэтгүүлчдийнхээ тоог тодорхой хэмжээгээр цөөлөхөөр болжээ. Эсрэгээрээ гадаадаас Хятадад суух сэтгүүлчид нэмэгдсэн тоо гарчээ.

Гадаад яамныхантай улзсан завшааныг ашиглан бид өмнөд хөршид хар тамхины хэргээр шоронд хоригдож буй монголчуудынхаа талаар лавлаад авав.

“БНХАУ бол хуулийг чанд сахидаг орон. Хэрэг төвөг хийсэн бол дотоод, гадаадын иргэн гэхгүй ижил ял онооно. Монгол-Хятадын хооронд ялтан харилцан шилжүүлэх гэрээг бүрэн хийсний дараа монгол хоригдлуудыг эх оронд нь шилжүүлэх боломж бүрдэнэ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг Хятадад хүнд гэмт хэрэгт тооцдог. Тавин граммаас дээш хар тамхийг нууцаар хил давуулсан бол онц ноцтой хэрэг гэж үзнэ. Тухайлбал, н.Байгалмаа хуульд зааснаас үлэмж их хэмжээний хар тамхи оруулж яваад баригдсан.

Хятадын хуулиар хүнд гэмт хэргийг цаазын ялаар шийтгэдэг. Монгол-Хятад орны найрсаг, хүмүүнлэг харилцааг үндэслэж, Монгол Улсын Засгийн газрын хүсэлт ёсоор харин ч тэдэнд анхаарал тавьж байгаа” гэсэн хариултыг Хятадын талаас өгч зарим асуудлыг хуулийн хүнээс асуух нь зөв хэмээлээ.

Манай багийн гишүүн, ахмад сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуай Их Цагаан хэрмийг хэнээс хамгаалах гэж барьсан хийгээд Чингис, Хубилай хаадын талаар монголчууд ямар бодолтой явдаг талаар “түншив”. Хятадын дипломатчид ч өөдөөс нь дипломат хариу барина лээ.

“Шинжлэх ухаан, технологи сайн хөгжиж байгаа тул Цагаан хэрэм барьж байсан тухайн цагийн хүмүүсийг амилуулж сэргээгээд асуувал зөв хариу олдоно. Одоо бол Цагаан хэрэм зүгээр л хойч үедээ үлдээсэн түүх, соёлын үнэт өв болсон. Сансраас дэлхийн бөмбөрцгийг харахад Цагаан хэрэм үзэгддэг гэдэг. Ингэхээр бүх хүн төрөлхтний хамтын түүхэн өв, Хятадыг бусад оронтой холбосон найрамдлын гүүр юм. Чингис, Хубилай хаадыг бусад хүн яаж үздэгийг мэдэхгүй, миний хувьд хувийн саналаа хэлэхгүй” гэсхийгээд өнгөрөв.

Тэнгэр өөд тэмүүлсэн Шанхай

Сэтгүүлчдийн дараагийн зочилсон хот нь Шанхай. Хятадын нийслэл Бээжин 20 сая хүн амтай, таван сая авто машинтай бол Шанхай 23 сая хүн ам, Бээжингийнгээс арай олон төмөр хүлэгтэй. Хэдэн мянганы тэртээ далайн ёроол байсан, алдарт Хөх мөрний хөвөө эл газарт Чин гүрний үед жирийн бяцхан тосгон бууриа засчээ. Чин улсын сүүл үеэс гадаадынхан олноор ирэх болж Англи, Франц, Японы мэдэлд орж, басхүү түүх, хувьсгалтай холбоотой олон үйл явдал өрнөж байв. Тиймдээ Шанхай Хятадын бусад хотуудаас ихээхэн ялгаатай. Янз загварт нь дорны бус өрнийн шинж төрх илүү тусч хүн зоны аж байдалд ч нөлөөлсөн нь ажиглагдана.

Шанхай хүмүүсийн алхаа гишгээ монголжуу, өмссөн зүүсэн нь европжуу. Хятад хүмүүсийн хээ шаагүйхэн хувцасладгаас тэс ондоо бөгөөд ганган даашинзны хормой дэрвүүлж өндөр өсгийт дээр гунхсан хүүхнүүд брэндийн цүнх мөрөвчлөн алхах нь содон. Охид, залуус нь стиль загвартай хувцаслах төдийгүй царайлаг, нуруулаг ажээ. Хэл ярианы аялга өвөрмөц, уянгалаг гээд Хятад хүний соёлын загвар болсон газар гэхэд үнэнээс зөрөхгүй.

Өдрийн наранд гялбалзаж, шөнө өнгө гэрлээрээ гайхуулах өндөр, өндөр барилгууд Америкт яваагаас ялгаа алга. Анхлан шөнийн цагаар Шанхайд буухад өрнийн өндөр хөгжилтэй орны нийслэлд очсон мэт өнгө өнгийн гэрэл солонгоруулан угтлаа.

Өнөөдрийн Шанхайг орчин үеийн хөгжил цэцэглэлтийн загвар, Дорны Европ, Азийн Нью-Йорк, Хятад дахь Америк баянбүрд хэмээн нэрлэх болжээ. Шанхай нь Хятадын төрийн шууд харьяа цөөхөн хотын нэг агаад эдийн засаг, худалдаа, санхүүгийн гол төв юм. Гадаадын 5000 орчим иргэн тус хотод оршин суудаг гэх. Бусад 73 орны дипломат төлөөлөгчийн газар Шанхайд байрлаж АНУ, Япон, Англи, Францын хөрөнгө оруулалт нэлээд эрчимжжээ.

Шанхайн Пудун дүүрэг 20-иод жилийн өмнө усаар хүрээлэгдсэн багахан арал байсан бол өнөөдөр өндөр өндөр барилга сүндэрлэсэн, таван сая гаруй оршин суугчтай хотын доторх тансаг хот болжээ. Пудуныг гүүрээр төдийгүй усан доогуур барьсан хонгил авто замуудаар Шанхай хотын бусад дүүрэгтэй холбожээ. Уг дүүргийг 1990 оны дөрөвдүгээр сарын 18-нд нээсэн байна. Пудуныг Бүх Хятадын эдийн засгийн хөгжлийн толь, эдийн засаг, худалдаа, усан боомтын төв, Хятадын стандарт шинэ дүүрэг хэмээн үзэх болжээ. Хоёр жилийн өмнө ЭКСПО үзэсгэлэнг энд нээж байсан төдийгүй 2015 он гэхэд Дисней Лэнд барьж ашиглалтад оруулахаар шамдаж байна. Шанхайн 101 давхар Дэлхийн санхүүгийн төвөөс гадна Шанхай цамхаг хэмээх түүнээс өндөр барилгыг барихаар тэн хагасыг нь гүйцэтгэжээ.

Өндөр барилгуудыг утга учиргүй шамбааруулан барьсан зүйл энд огт алга. Бээжин хотод барилга хоорондын зай арай бага, Шанхайд илүү чөлөөтэй байдаг нь жирийн хэрэг биш аж. Бээжин газар зүйн хувьд хойд хэсэгт байрших тул сүүдэр богино, Шанхай өмнө этгээдэд байх тул сүүдэр урт байдаг нь үүнд нөлөөлжээ. Нэг барилга нөгөө барилгын цонхыг халхлахгүй, оршин суугчид тодорхой хугацаанд өдрийн нарыг заавал үзэж байх ёстой гэсэн хатуу стандарт мөрддөг байна. Хот төлөвлөлт хийгээд улс орны хөгжилд нарны тусгал, сүүдрийн урт богино ч нэн хамаатай ажээ. Газар нутгаа хязгааргүй тэлэхгүйн тулд аль болох өндөр барилга барьж байна. Иймдээ Шанхай Тэнгэр өөд тэмүүлсэн хот нэрийг авчээ.

Шанхайд орон сууцны хэрэг хамаардаг СӨХ маягийн газрар орлоо. Хорооллууд дунд нэг цэгийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Тэтгэвэр тэтгэмж, сургууль, цэцэрлэг, татвар хураамж, амралт цэнгээн гээд бүх төрлийн үйлчилгээ тэнд төвлөрнө. Ганц хүүхдийн төлөвлөгөөтэй Хятадад өндөр настны асуудал хурцаар гарч иржээ. Дөрвөн хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан болсон байна. Хүүхдийн цэцэрлэгээс гадна настнуудыг уйдаахгүй эрүүл чийрэг байлгах нь бас нэг том ажил болжээ. Өглөө оройдоо хийн дасгал хийх талбайгаас авахуулаад үлгэр сонсгох танхим хүртэл нэг цэгийн үйлчилгээний төвд байна.
Нэгэн танхимаас кино гарч байна уу гэмээр дуу сонсогдоход шагайж үзвэл өвгөд хөгшид их л анхааралтайгаар үлгэр сонсч сууна. Эрэгтэй эмэгтэй хоёр үлгэрч эртний ший жүжгийн хувцас өмсч нүүрээ будаад настнуудад тоглолт үзүүлэх аж. Нүүрний хувирал, жүжиглэлт гэдэг тоймгүй. Хөгшид ялаа ниссэн ч дуулдахаар тийм чимээгүйгээр үлгэр сонсон тухалжээ.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж