Нэгэнт өнгөрсөн, нэг оронд орсон

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Нэгэнт өнгөрсөн, нэг оронд орсон

“Улс төр, сэтгүүл зүй хоёр хэзээ ч нэг оронд орох ёсгүй”. Энэ бол өдгөө тэнгэрийн оронд заларсан Ц.Балдоржийн амьд ахуйдаа хэлсэн үгнүүдийн нэг. Үнэн бөгөөд их хатуу үг.

Харин өнөөдөр энэ хоёр “нөхөр” яасан бэ? Ц.Балдорж агсныг амьд сэрүүн ахуйд нэг хөнжилд орох гээд хөтлөлцөөд явж байсан бол өдгөө аль хэдийнэ нэг оронд оржээ. Улс төр нь сэтгүүл зүйг, сэтгүүл зүй нь улс төрийн ажлыг хийсээр явна. Төрийн ордон хэмээх жирийн ард иргэдэд хаалттай газар болж буй бүх үйл явдлыг нэг ч цэг таслал алдалгүйгээр мэдээлж, орой болгон телевизийн бүх сувгаар төрөл бүрийн өнцгөөс нэг улстөрчийг харуулна. Олон нийт ч сүүлдээ энэ байдалд эвлэрч гайгүй байрлалаас бичлэг хийсэн телевизийнх нь мэдээг үзье гэж бодох болсон, нэгэнт л үзүүлэх зүйлийн утга нь ижил болохоор. Энэ бол нэг их дэгсдүүлсэн үг биш. Чухамдаа нийгэмд маргаан мэтгэлцээн өрнүүлж, олон ургальч үзлийг дэлгэрүүлж тэнцвэртэй мэдээлдэг гэх онцлогууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байх ч Монголд байгаа сэтгүүл зүйг чухам аль үүргийг нь хэрхэн гүйцэтгэж байгааг таахын арга байхгүй. Яагаад гэвэл тэр гэхийн тэмдэггүй болохоор.

Өдгөө төрийн бүх л байгууллага хэвлэлийн төлөөлөгч гэх нэг хүнтэй. Тэр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл тарааж, тухайн байгууллагаа сурталчлах үүрэгтэй хүмүүс. Гэтэл хэвлэлийн бага хурал, ямарваа нэгэн мэдээлэл авахад хэвлэлийн хуудсыг хамгийн түрүүнд шаардана. Хүнээс асуух ёстойгоо асуухгүй мөртлөө хэвлэлийн хуудас руу дайрахыг нь яана гээч. Телевиз бүр нэг хурал дээр ирэх мөртлөө нэг сэтгүүлч нь асуулт асуувал нөгөөдхөө бүх телевиз, сониноор дамжуулан иэдээлж, нэг хүн дээр бараг бүгдээрээ овоорно. Нөгөө олон ургальч үзлийг олон нийтэд түгээнэ гэсэн үүрэг хаачив. Угтаа хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг болчихож.

Улстөрчид бүгд өөрсдийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэг­сэл эзэмшдэг болж эздийн нөлөө­гөөр тухайн хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл эсрэг улс­төрч­дийг системтэйгээр муулна. Тэгэхээр улс төрийн үйл явцад дүн шинжилгээ хийхэд эздийн нөлөө орно гэсэн үг. Тиймээс улаан, цэнхэр өнгөөр хуваагдаж, талцдаг нь хэдэн жилийн өмнөөс нийтэд ил болсон. Одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ард чухам хэн гэдэг эрхэм байгааг торолгүй мэддэг болжээ. Мөн л хэвлэлийн төлөөлөгчидтэй ижил хувь заяа үүнд ажиглагдаж байна.

Нэг оронд орчихлоо. Одоо яах вэ? Өглөө болохыг хүлээх хэрэгтэй. Гэхдээ үүр хэзээ цайж, дурлалт хоёр хэзээ салахыг хэн ч үл мэднэ. Хэн хэнд нь одоогоор хамтдаа байхаас өөр сонголт алга. Улстөрчид нь сэтгүүлзүй, сэтгүүлзүйд улс төрчид нь хэрэгтэй учраас. Тэртээ тэргүй үйл явдал цөөхөнтэй Монгол Улсад хүссэн хүсээгүй бүх л асуудал улс төртэй зууралддаг номтой. Гэхдээ нэг нь зоригтойгоор орноосоо босоод явах сонголт бий. Гэхдээ нэгэнд нь хүсэл, нөгөөд нь зориг алга.

Үүний үр дүнгээр сэтгүүл зүй нь том сэдвүүдийг хөндөхөө больж зүгээр л зуучлагчийн үүр­гийг гүйцэтгэнэ. Нэг ёсондоо жин­хэнэ мэдээлэл сүүдэр дор нууг­дана гэсэн үг. Эрэн сур­валж­лах сэтгүүл зүйн тухай энд яриад ч хэрэггүй. Сүүлийн таван жилийн туршид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ярьсан ч өнөөдөр алга. Бүр үнэр нь ч алга. Тэртээ тэргүй 70 гаруй жил хүчирхийллээр шахуу нэг оронд байсан сэтгүүл зүй өнөөдөр ч хэвээрээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүн­лэг гэж цоллуулж бай­гаа энэ нийгэмд хүртэл шүү. Эмгэнэлтэй хувь заяанаасаа хэзээ салах нь одоо ч асуулт хэвээр.  

Ерөөс сэтгүүлчид зориг, эздэд хүсэл алга. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагад ч ийм зориг байхгүй. Сэтгүүлчдийн эвлэл гэх байгууллагад нь ч байхгүй. Угаасаа энэ хоёр нөхрийг салгана гэж байхгүй гэдгийг шинээр томилогдсон ерөнхийлөгч нь ч баталж байгаа. Ийм учраас бидэнд одоо нэг л сонголт үлдсэн. Энэ нь хүлээлт. Хүлээж байх хооронд Монголын сэтгүүл зүйд их юм болсоон. Хэвлэлийн эрх чөлөө нь хагас руу ухарч, 70 гаруй сэтгүүлчийг аавын хаалга татуулжээ. Нэгэн цагт хэвлэл мэдээллийн байгуулагад нь ажиллаж, Сэтгүүлчдийн эвлэл гэх том нэртэй байгууллагыг нь толгойлж байсан хүмүүс нь хүртэл намын “сэтэр” зүүж, албан тушаал руу тэмүүлэх болсон. Захиалгат сэтгүүл зүй гэсэн дэлхий гэх гариг дээр байхааргүй шинэ тогтолцоо “од” болсон. Улстөрчдийг хэн нэгний захиалгаар муулж, хэнийг илүү доромжилсон нь баяжиж, сэтгүүлчийн цалингаар тогтохооргүй тийм тансаглалд амьдрах болсон. Гаднаас нь харвал эрх чөлөөг цогцлоож байгаа мэт харагдах ч хүн амд нь дэндүү ахадсан 400 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд мэдэгдэхүйц унасан. Олон нийт тэртээ тэргүй хоёр намын талд ордог, мөнгө өгсөн рүү нь “хандардаг” гэж ойлгодог болсон. Жинхэнэ сэтгүүл зүй сүүдэрт дарагдаж, сэтгүүл зүйн үүрэг, хариуцлага “будаа” болсон. Үнэнийг хэлэхээс сэтгүүлч айж, мөнгө төлсөн байгууллагыг зоригтой шүүмжилж чаддаггүй болсон.

90 гаруй жил хүлээсэн эх, адаггүй  их хүлээлт дунд олон зүйлс өөрчлөгджээ. НҮБ-аас хүний заяамал эрхэд хэвлэлийн эрх чөлөөг оруулдаг. Гэтэл би энэ заяамал эрх, заяанаасаа байсангүй. Хүлээсээр… Магадгүй хэзээ, хэзээнээс илүү одоо л хэвлэлийн эрх чөлөө, жинхэнэ сэтгүүл зүй хэрэгтэй ч байж болох. Эдийн засаг срэнгүй хөгжилдөө ирлээ гэж улстөрчид цээжээ дэлдэж, Дэлхийн банк мэтийн томоохон байгууллага нь хүртэл 17,8 хувьт хүрсэн гэж хөөргөөд байгаа. Энэ үед л жинхэнэ сэтгүүл зүй, сэтгүүл зүйн даацтай бүтээл хэрэгтэй байна. Гэхдээ үүний урьд улс төр, сэтгүүл зүй хоёрыг нэг орноос нь салгах шаардлагатай болно.

Даанч одоо чадахгүй. Нэгэнт энэ хоёр нэг оронд оржээ. Хүлээсээр…

P.S: Хил хязгааргүй сэтгүүлчид Францад төвтэй төрийн бус байгууллагын 2010 оны судалгаагаар бид 76 дугаар байранд жагсч байсан бол 2011 онд Монголын хэвлэлийн эрх чөлөө 176 дугаар байранд орж ухарчээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж