![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/da05209ae299db62/d75b329c61ca00ebig.jpg)
Засгийн газраас одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд 2013 оны өмнөх хоёр жил болон дараагийн гурван жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл болон эдгээр үзүүлэлтэд суурилсан төсвийн орлого, зарлага, эх үүсвэр улсын өрийн үзүүлэлтийг Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөцтэй уялдуулж боловсруулсан талаар Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулсан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ирэх оны төсвийн төсөөллийг гаргахдаа ДНБ-ний өсөлтийг 20-иод хувиар тооцож гаргасан нь хэр зэрэг бодитой үзүүлэлт болохыг тодруулсан. Дэлхийн олон оронд эдийн засгийн байдал төвөгтэй, Грек, Испани, Португали зэрэг улсад санхүүгийн хямралтай байгаа. Түүнчлэн Евро бүсийн орнууд эдгээр улсыг хямралаас гаргахын тулд хэрхэх тухай хэлэлцсээр байгаа ч гарц олохгүй байгаа гэдгийг хэлж байв. Мөн дэлхийн эдийн засагчид 2008 оны санхүүгийн хямрал давтагдаж болзошгүй гэдэг анхааруулгыг өгч байгаа үед аж үйлдвэр гээд байх юмгүй, дан ганц түүхий эдээ гадагш зөөж, амь зуудаг манай улсад эдийн засгийн өсөлт 2013 онд 20 хувьд хүрнэ гэж нийтэд зарлах нь хэтэрхий улстөржсөн байдал ханхалж буй биш үү гэдгийг зарим гишүүн хэлсэн.
Харин Сангийн сайд Д.Хаянхярваагийн ирэх жилд Оюутолгойн ордын үйлдвэрлэл ашиглалтад орохоор байгаа юм байна. Түүн дээр голчлон түшиглэсэн, гэхдээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс доогуур гарах төлөвтэй байгаа. Тиймээс анхаарч байгаа бөгөөд цаг хугацаа байгаа учраас төсвийн хүрээний мэдэгдлээ засч залруулж болно гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монгол Улсын гадаад өр хэд болчихоод байгааг асуусан. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн хэлснээр бол 2011 оны дөрөвдүгээр улиралд гаргасан судалгаагаар Монгол Улсын гадаад өр нийт дүнгээрээ 9.6 тэрбум ам.доллар байгаа гэнэ.
Үүнд хувийн хэвшлийн байгууллагуудын гадаадаас авсан зээл ч багтаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар, төв банкны өөрсдийнх нь өр ч оржээ. УИХ-ын нэгдсэн чуулганы өч. Гэхдээ 2012 оны эхний улиралд гадаад өр хэд хүрээд байгааг гаргаагүй гэдэг хариулт өгсөн. Харин гишүүн Монгол Улсын гадаад өр одоо хэд хүрчихээд байгааг төв банк мэдэхгүй байна. Гэтэл Ерөнхий сайд С.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа гэж шүүмжилсэн юм. Гишүүн Н.Батбаяр Ерөнхий сайдыг байлцуулж байж асуух асуулт байгаагаа хэлж байсан. Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан тоон үзүүлэлтүүдийг нягталж ярилцах хэрэгтэй, эдийн засгийн өсөлт өндөр байгаа хэдий ч ард түмний амьдралд тусгалаа олохгүй байна, төсвийн зардлыг багасгах хэрэгтэй, улсын нийт өрийн талаарх бодитой, дэлгэрэнгүй судалгааг авч байж ярилцах нь зүйтэй гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед оюутнуудын ЭМД-ын шимтгэлийг төр даах талаар хөндөгдлөө.
Одоогийн байдлаар төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг байна. Сарынх нь шимтгэлийг 670 төгрөгөөр тооцож ЭМД-ын санд олгодог, гэтэл ажил хийж байгаа иргэдээс ЭМД-ын шимтгэлийг авахдаа цалингийнх нь дөрвөн хувиар тооцдог. Хоёр хувийг ажилтан цалингаасаа, үлдсэн хоёр хувийг ажил олгогч төлдөг. Тухайлбал, УИХ-ын гишүүнээр тооцож үзэхэд сардаа 40 мянга гаруй төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлдөг гэнэ. Харин дундаж цалинтай иргэд 20 мянга гаруй төгрөгийг сар тутамд ЭМД-ын шимтгэлд төлж байна гэсэн үг. Гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 70 хувь нь хүүхэд, ахмад настнууд байдаг, харин сар тутамд мөнгөө төлдөг даатгуулагч нарын хувьд хэвтэх гэхээр ор олддоггүй. Тэгсэн атал төр халамжиндаа байгаа хэсгийн ЭМД-ын шимтгэлийн мөнгийг нэмдэггүй, энэ нь ЭМД-ын санг хүндрүүлж, улмаар мөнгөө төлсөн хэсэг нь эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, харин улсаар төлүүлсэн нь хэвтэн эмчлүүлж ирсэн буруу жишиг 2015 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг энэхүү төсвийн хүрээний мэдэгдлээс УИХ-ын гишүүн С.Ламбаа шүүмжилсэн юм. Тэрбээр хэлэхдээ төр дааж байгаа хэсгийнхээ ЭМД-ын шимтгэлийн мөнгийг нэмж чадахгүй байгаа хэрнээ дээр нь нэмж оюутнуудын ЭМД-ын шимтгэлийн мөнгийг даадаг байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан нь туйлын буруу гэлээ. Учир нь 2014-2015 оны төсвийн төсөөлөлд ЭМД-ын санг 2.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байгаа аж. Тэрхүү 2.4 тэрбум төгрөгийн нэмэгдэл нь зөвхөн оюутнуудын ЭМД-ын шимтгэлийг төрөөс даахтай холбоотойгоор тавьсан тоо юм байна. Уг нь бол төр одоо шимтгэлийг нь дааж байгаа хэсгийнхээ ЭМД-ын шимтгэлийг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллах шаардлагатай. Тэгэхгүй бол ЭМД-ын сан ачааллаа дийлэхгүй түүнийгээ дагаад эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй өнөөх л сулбагар дорой байдлаасаа гарахгүй явсаар унах талтай болохыг анхааруулсан юм.
Мөн дээрх асуудлыг хэлэлцэх шатанд хөндөгдсөн хоёр дахь асуудал нь Нийгмийн даатгалын сан хүндэрч буй тухай байлаа. Тодруулж хэлбэл, 2013-2014 оны үеэс эхэлж НДС хүндрэх төлөв харагдаж буй аж. Хэрвээ хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг авахгүй бол өнөөгийн тэтгэвэр авагчид тэтгэвэргүй суух магадлалтай. Мөн дээр нь сар тутамд НДШ төлж нэрийн дансанд суутгуулсан мөнгө маань хураагдаж байгаа гэж бодож буй иргэдийн хувьд ч асуудал өнөөдөр хүндэрчээ. Шалтгаан нь нэрийн дансанд хуримтлагдаж байгаа хэмээн боддог шимтгэлийн мөнгө нь зөвхөн хоосон тоо аж. Засгийн газрын хувьд эл асуудлыг шийдвэрлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулсан. Гэхдээ дахин сайжруулах шаардлага байгаа. Ямар ч байсан Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож байгаа сар тутмын мөнгө ирэх долдугаар сарын 1-н гэхэд зогсоно. Тиймээс энэхүү Хүний хөгжлийн санг НДС болгон хувиргах чиглэлээр төсөл боловсруулж байгаа гэдэг мэдээллийг Сангийн сайд Д.Хаянхярваа өгсөн юм.
Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Бүх юмыг урдуур нь дайрч төр хийдэг болох нь ээ. Хэдхэн салбар хөгжөөд байна, түрүүлээд. Ажлын байр бий болгодог бусад салбар өөрчлөгдөхгүй байгаа нь татварын бодлоготой холбоотой” гэсэн юм. Тэрээр төсвийн зарлага талаас асуудлыг үндсээр нь өөрчлөх чухал, төрийн бодлого хэт үрэлгэн байна гэсэн юм.
Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Өнгөрч байгаа дөрвөн жилийн хугацаанд бидний хийсэн ажлын суурин дээр энэ төсвийн хүрээний мэдэгдэл гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид УИХ-ын бодлогыг зөв тайлбарлая гэж байгаа бол ийм хэмжээний ажил хийлээ гэдгийгээ зөвөөр харуулах хэрэгтэй байгаа юм. Хэрхэн бид эдийн засаг, санхүүгийн хямралыг давж гарав, хэрхэн бид түүхэнд байгаагүй том том тоог хэлэх болов оо гэдгийг ч бодууштай. Эдийн засаг, түүний өсөлт болон инфляцийн асуудлыг бид зөв авч явсан. Энэ бол хамтарсан Засгийн газрын ажлын үр дүн байсан. Мөнгө, санхүүгийн бодлогын хүрээнд алдаа гаргаагүй гэж бодож байна. Макро төвшинд асуудлыг аваачиж тавьсан энэ байдлаа цаашид үргэлжлүүлж чадвал бидний хийсэн, суурийг нь тавьсан ажил бүрэн үр дүнд хүрлээ гэсэн үг. Энэ бол бодлогын түвшинд бидний хийж, үлдээсэн маргашгүй үнэн” гэсэн юм. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн өдрийн хурлдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр ч хуулийн төслийг баталсны нэг нь Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төсөл, нөгөөх нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төсөл байлаа. Стратегийн ач холбогдол салбар гэдэгт ашигт малтмал, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоог багтааж байгаа бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд, түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх гэсэн саналыг гишүүд дэмжсэн. Энэ хуулиар стратегийн аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсад бүртгэлтэй Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох журмыг баримтлах нь дээрх хууль Үндэсний аж ахуйн нэгж гэдгийг Монгол Улсын иргэн үүсгэн байгуулсан, татвар төлдөг, 50-иас доошгүй хувийг нь Монгол Улсын иргэн эзэмшдэг байх хэмээн тодотгожээ.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)