Дандаа ийм л байгаасай гэж

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Дандаа ийм л байгаасай гэж

Ойрын өдрүүдэд гадаа дулаахан гэж жигтэйхэн.  Гадаа дулаараад ч юм уу, эсвэл хүйтэн байшинд ажлаа хийснээс гадаа нарлахыг илүүд үзэв үү ямар ч байсан Сүхбаатарын талбайд  Засгийн газрын яам, агентлаг, газар, хэлтсүүд иргэдтэйгээ танилцах “үдэшлэг” зохион байгуулллаа.  Айсуй сонгуулийн дөрөөн чимээтэй сонсогдох үеэр гэнэтхэн л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яам, тамгын газрууд нууцаа дэлгэж, Сүхбаатарын талбай дээр ил гарч, иргэдэд үйлчлэх болсон их л содон харагдах. Бүтэн дөрвөн жилийн турш иргэдээс зай барьж, тэднийг багагүй чирэгдүүлсэн төрийн аппаратынхан гэнэт төв талбайд болзох урилга тараах болсныг олон хүн хачирхаж байна лээ. Ямар их завтай, яасан ч их хөрөнгө мөнгөтэй хүмүүс вэ гээд л. Гэхдээ яах вэ, алийн болгон хүнд суртал гаргаж хөлдөө иргэдээ чирэгдүүлэх билээ. Ганц өдөр сайдынхаа, төрийнхөө төлөө зүтгэхэд гэмгүйхэн биз, төрийн албаныхан.

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас эхэлсэн танилцах “үдэшлэг”-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан залгамжилж, за тэгээд Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Сангийн яамныхан хэзээ хэрхэн иргэдтэйгээ уулзах вэ гэдгээ хэдийнэ товлочихсон, төв тайлбайд болох шоуныхаа хөтөлбөрийг аль эрт гаргачихсан байна лээ.

Мэдээж, Засгийн газрын яам, агентлагийнхан ажлаа гадаа хийхийн буруу гэж юу байхав. Гэхдээ хамгийн гол нь Сүхбаатарын талбайг хог новшоор дарах нээлттэй өдөрлөгүүдийн арга хэмжээ нь үнэдээ хаалттай санагдсан шүү. Иргэд хэрэгтэй, хэрэгцээтэй гэсэн мэдээллээ авахаас илүү бараг л цагаан хоолойгоор чих дөжрөм уянгалах дууг нь сонсох гэж ирдэг бололтой юм билээ. 

Өчнөөн өдөр үүр цүүрээд оочерлоод авч чаддаггүй үйлчилгээгээ нээлттэй үеэр нь чирэгдэл, явдалгүй авчихдаг бол ч яамынхан гадаа ажлаа хийсний үр дүн тэр биз. Даанч энэхүү нээлттэй өдөрлөг нь үнэндээ  шинэхэн оюутнуудын танилцах үдэшлэгээс ч дор болох. Гэхдээ яргавар, ихэмсэг яамныхан нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад баарны үйлчлэгчээс илүү нахилзахыг харахаар бас ч гоё юм билээ шүү.

Засгийн газар яамдуудаа үүрэг өгсөн үү эсвэл Засгийн газартаа үүрэг ролио харуулах гэсэн үү ямар ч байсан нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ цаашлаад яваад байх бололтой дог. Саарал ордны эрхмүүд, сайд дарга нар суудлынхаа алжаалыг тайлсан шигээ, ард түмний дунд алхаж, тэнд ч хэн нэгэнтэй гарж барьж, эндээс ч гараа даллан инээд цацруулаад л.  Сүхбаатарын талбайд гэр майхан хөглөрч, туг далбаа намирж, чихний хэнгэрэг хагалах шахам хөгжим цуурайтаад л. Яг л наадам аа, наадам. Хуушуур бууз зарж, бөх барилдаж, морь уралдахгүй л болохоос биш, яамдуудын наадам болж байна гэж хармаар.

Миний бодохоор нээлттэй өдөрлөгийн гол зорилго нь иргэддээ нэг цэгээс нээлттэй үйлчлэх байх ёстой болов уу. Гэтэл нээлттэй өдөрлөг зохиож буй яам, агентлагуудын арга хэмжээг харахад нээлттэй сурталчилгааны л өдөр болгоод байх шиг. Гэхдээ яахав ээ, сонгуулийн өмнө гэнэтхэн олон нийттэд нээлттэй үйлчилмээр санагдсан Засгийн газар, яам, агентлагуудыг буруутгаад ч яахав. Төрийн албаныхны үүд дандаа л нээлттэй байх ёстой баймаар. Харин манай яамдуудын үүд Сүхбаатарын талбайд жилдээ нэг хоёр удаа нээгдээд бусдад нь хаагдчихдаг юм шиг ээ. Уг нь дандаа ийм л нээлттэй байвал ч….

Дуунд хүртэл “Дандаа ийм л байгаасай” гэж гардаг шүү дээ.

А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж