![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. Харин УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Улсын төсөв нь түүний хүрээ, төсвийн цаашдын төсөөллийн гээд хоёр том ангиллаар явдаг зүйл. Нөгөө талаар Үндсэн чиглэл гээд эдийн засгийн маш чухал баримт бичгийг баталдаг. Дээр нь мөнгөний бодлого байна. Энэ дөрвөн баримт бичиг бол цаашдаа Монголын төрд улс орныхоо эдийн засгийг удирдаж авч явахад нэн чухал механизм байх болно. Өнгөрч буй дөрвөн жилд энэ механизмыг бид их зөв хэрэглэсэн гэж бодож байна. Бидний дөрвөн жилд хийсэн ажлын суурин дээр энэ төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл гарч байгаа юм. Энэ механизм, бодлогуудыг зөв хэрэгжүүлсний үр дүнд ийм хэмжээний ажлыг хийж, ийм хэмжээний ажил хийх боломжийг тавьж өглөө шүү гэдгийг харуулж байгаа хэрэг.
Та бид УИХ юу хийсэн бэ гэж өөрсдөөсөө асуу, тэгээд хариул. Бид санхүү, эдийн засгийн хямралыг хэрхэн гэтэлж давсан бэ, тэр “голланд” өвчинд нэрвэгдэхгүйгээр яаж гарав гэдгийг олон түмэнд хэлэх хэрэгтэй. Бас урьд хожид бидний түүхэнд байгаагүй том, шинэ тоонууд байна. Долоон их наядын нэгдсэн төсвийн орлогод хүрсэн гэдэг нь Монголд үнэхээр байгаагүй тоо. Цаашдаа ч Монголд байгаагүй эдийн засгийн өсөлтийн үндсийг бид тавьж өгсөн. Дээр нь бид инфляци, үнийн өсөлтийн асуудлыг зөв авч явсан. Ер нь төсвийн хүрээний мэдэгдэл болон Үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлогыг энэ дөрвөн жилд маш зөв явууллаа гэж би үзэж байна. Энэ бол хамтарсан Засгийн газрын үр дүн” гэж мэдэгдсэн юм. Харин үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр ч хуулийн төслийг баталсны нэг нь Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төсөл байсан бол нөгөөх нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зоицуулах тухай багц хуулийн төсөл байлаа.
Г.ДАРЬ